Дурсахуй булангийнхаа энэ дугаарт “Гарлаа, давлаа" хэмээх хоёрхон үгээр монгол бөхийн түүхэнд мөнхрөн үлдсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат дархан аварга Дарийн Дамдин агсны амьд сэрүүн ахуйдаа өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг толилуулъя.
-Бага насандаа барилдаж өсөөгүй хөдөөний хүүхэд гэж ховорхон байх. Аваргын хувьд ч асуултгүй биз дээ?
-Аа, тэр мэдээж шүү дээ. Арваад настай байхдаа л цамцаа хүү татаж, зодог шуудагархуу юм хийгээд үеийнхэнтэйгээ үзчихдэг байлаа. Өдөрт гол дээр очиж усанд шумбацгаана. Бие биеийнхээ цолыг дуудна. Одоо бодоход цолоо их л удаан дуудуулдаг байж. Мундаг л амьтан байсан юм байлгүй \инээв\.
-Удалгүй сумын наадмын аманд гарч эхэлсэн байлгүй?
-Тэгсээн. Барилдах бөөн хорхой. Ганц хоёр давахаас хэтэрдэггүй байсан юм. Харин цэрэгт явах жилээ анх сумынхаа, дараа нь Чандмань мандалын наадамд түрүүлчихээд нэлээд цээж түхэгэр амьтан хөрш сумын наадамд барилдаж шүдгүй Жамба гэж настай хүнд хууртсан юм. Уг нь бараг л унагасан юм л даа. Өөр нутгийнх гээд жаахан тийм юм орсон байх.
-Цэрэгт ирээд хотын комендатурт алба хааж эхэлсэн гэдэг билүү?
-Хязгаарын цэрэгт явна гэж нутгийнхаа нэг хошуучаас гуйгаад бараагүй. Хотод журам сахиулдаг анги л даа.
-Бие хаа томтой болохоор тань сонгосон юм байлгүй?
-Аа, тийм байх. Тэгээд л хуучин циркт болдог байсан цолгүй бөхчүүдийн барилдаанд анх зодоглолоо. Эсгий гуталтай гарсан. Тэр гутлын хоншоор гэж банхайсан юм \инээв\. Хүмүүс ч ямар янзын бөх гараад ирэв гэж гайхсан байх.
-Эхний даваанд үсрээд өгсөн үү...?
-Харин ч үзүүрлэсэн гээч. Тэгтэл циркийн мэргэжилтнүүд “Чи циркт дуртай юу” энэ тэр гээд асууж эхэллээ. Би ямар юм байдгийг мэдэх бүү хэл дуулаа ч үгүй хүн мэдэхгүй л гэлээ. Ингэж циркт хөл тавьсан түүх эхэлсэн юм.
-Тэгвэл наадмын торгон дэвжээнд анх хөл тавин зодоглох болсон үеэ дурсахгүй юу?
-Тэр хавраа голын цэнгэлдэхэд гарлаа. Нэгийн даваанд Ц.Чимэд-очир аваргын аманд очдог юм байна. Уначихлаа. Хоёрын даваанд хүний оронд гараад бас л сунаад өглөө дөө. Ингээд нэг давчихна гэсэн бодолтой гарсан хүн чинь бүр хоёр уначихдаг байгаа \инээв\.
-Тэгээд ч анх улсын наадамд зодоглож байгаа хүн айж цэрвээд хэцүү байсан биз дээ?
-БХЯ-ныхан намайг гайгүй ноцолдож магадгүй гэж бодсон юм байлгүй. Г.Цоодол арслан, Н.Гүржав заан хоёртой амралтанд явуулж бэлтгэл хийлгэсэн юм. Эхлээд ч тэр хоёрыг бардаггүй байв. Харин сүүлдээ овоо айж эмээхээ больж эхэлсэн. Ухаандаа чангарч эхэлсэн байхгүй юу.
-Энэ чинь хэдэн он билээ?
-1955 он. Энэ жилээ улсын наадамд зургаа давсан. Ээж ч намайг эргэж ирснийг хэлэх үү, бөөн баяр явлаа. Байнд авсан торгоо ээждээ өгтөл шууд л ганданд аваачаад өргөчихдөг юм.
-Ингээд л хойтон жилээс нь ёстой яралзуулж эхэлсэн гэдэг биз дээ?
-Өө, чадаагүй. Хоёрын даваанд Ц.Бадамсэрээжидэд унасан. Ингээд 1957 онд дахин зургаа давж, 1958 онд түрүүлсэн юм. Дараагийн жилүүдэд яаж барилдсаныг та нар бараг мэдэж байгаа биз дээ.
-Танай Цагаан-Үүр сумаас Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Та гээд л алдартай бөх олон төржээ. Газар нутгийн онцлог гэж байна уу?
-Манай суманд Тагнын урианхай, бас хойноос орж ирсэн нэлээд олон буриадууд амьдардаг байсан юм гэнэ билээ. Дээр нь Архангай, Өвөрхангай, Булган аймгийн одоогийнхоор бол жаахан сахилгагүй хүмүүс хил хязгаар манахаар нэг ёсондоо шийтгүүлээд тэнд ирдэг байж. Тэндээс л гаралтай гэж хөгшчүүл ярьдаг юм байна лээ. Сайн эрчүүдийн удам биз.
-Таныг яг гарч ирж байхад Монгол бөхийн дэвжээнд хэн, хэн манлайлж байв?
-Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Ж.Цэвээнравдан, С.Самданжигмэд, Г.Цоодол гээд л томчууд байлаа.
-Эдгээрээс хэнд олон унаж, хэнийг нь байнга хаядаг байв?
-Б.Түвдэндорж аваргатай огг барилдаж байгаагүй. Намайг амладаг ч үгүй байсан. Ц.Чимэд-Очир гуайд унасан. Улсын цолтой бөхчүүдээс С.Самданжигмэд гуайг анх өвдөг шороодуулсан. Цоодолтой өгөө аваатай л байсан.
-Таньтай нэг үед Ч.Бээжин, Ц.Дамдиндорж, У.Мижиддорж, Б.Жамъяндорж гээд олон сайхан бөх барилдаж байсан. Тэдний барилдааны онцлогийг хэлэхгүй юу?
-Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж их бяртай боловч жаахан будилуудуу. Түүнийг нь ашиглана даа. Хулгар Ц.Дамдиндорж болохоор их шартай. Шаагаад л авна шүү дээ.
-50-60-аад оны бөхчүүдийг шударга, сайхан барилддаг байсан гэж ярилцах нь бий?
-Олон газраас бөхчүүд ирдэг байсан болохоор үзэх нь байтугай сургийг нь ч дуулаагүй нөхөд ирнэ. Тэгэхээр юуны найраа, майраа байх вэ дээ. Тэгээд ч тэр үед хурдан барилдахыг л чухалчилна шүү дээ. Дээд дарга нар ч тэгж тушаал лүндэн буулгадаг байсан.
-Ер нь уяа бөх бараг байгаагүй юу?
-Шар Пэрэнлэй гэж нэг хүн байсан. Цус нь гоожоод л үзээд байдаг. ёстой салахгүй шүү дээ \инээв\. Гэхдээ 30 минутаас илүү удаан барилдаж байгаагүй ээ, хөөрхий.
-Дарга нар хурдан барилд гэдэг байсан учраас Дамдин аварга шаламгай барилддаг байжээ гэж ойлгож болох уу?
-Наадмын урд орой хурал хийж, хурдан барилдана шүү л гэнэ. Тэгээд ч миний хувьд хэнд нүдүүлж, зодуулаад зогсохыг хүсэх билээ дээ. Хурдан дуусгахыг л бодно. Мөн бие жижигтэй байсан болохоор хав бариулчихвал яах ч юм билээ гэж боддог байсан.
-Та хэр том биетэй байсан бол?
-Анх улсын наадамд түрүүлэхдээ 86 кг жинтэй байсан.
-Хэр бяртай бөх байв даа?
-Би шалихгүй ээ. Юм өргөх авьяастай. Хоёр гараараа 850 кг өргөдөг байсан.
-Тэр үеийн бөхчүүдийн сайхан чанар гэвэл?
-Хайнцана, булхайцна гэж бараг мэддэггүй байж. Ер нь хоёр бөх бараг зэрэг унана гэж байхгүй шүү дээ. Би түүнийг дийлэхгүй гэдгээ мэддэг хүн шууд тахимаа өгчихдөг байсан. Бараг будлиан гарахгүй. Хөлийн шүүгчээр Их монгол Шаравжамц гуай сууна. Тэр хүн “давсан” л гэж дуугарвал дуусна шүү дээ.
-Бууж өгөх асуудал гардаг байв уу?
-За, даа энэ чинь нэлээд сүүлд 1970-аад оны үед гарч ирсэн зүйл байгаа юм. Жилд сайн л бол ганц, хоёр начин төрдөг байлаа. Нутаг нуга гэхгүй бүгд л халз үзээд л дуусдаг байж.
-Улсад хэд хэд түрүүлчихсэн ид гаарч байх үедээ хэнд анх удаа унав?
-Тэр үед Ч.Бээжин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, С.Цэрэн гээд сайхан бөхчүүд гарч ирсэн. Цэрэнд анх АХ-ын 40 жилийн ойгоор гурван хөлөлсөн юм байна. Тоглолт хийж байгаад өсгийгөө гэмтээн эмнэлэгт хэвтээд наадмын урд өдөр гарч барилдсан юм.
-Монгол бөхийн хувьд өдий хүртэл уламжлагдан ирсэн ямар дэг жаяг байна вэ?
-Ахмад бөхчүүдээ хүндлэх ёсон юм уу даа. Бид ч Б.Түвдэндорж гуайгаас ухаан алдатлаа айдаг байлаа.
-Наадмын өмнө хурал хийдэг гэж ярьсан. Ямар шаардлага тавих вэ?
-Удаж болохгүй л гэнэ. Мөн усанд ор, шарх сорвиотой байж болохгүй, зодог шуудгаа угаа энэ тэр гээд олон юм ярина аа.
-Завханы урт гарт М.Лхагва гэж сайн бөх байсан гэдэг. Та гар зөрүүлж явав уу?
-Шоронгоос гарч ирээд барилдаж байхыг нь харсан. Сайхан зантай, цэвэрхэн бөх байв. Уг нь улсад түрүүлсэн, амжилт үзүүлсэн зэргийг нь тооцоод аварга цол өгчихмөөр хүн гэж боддог.
-Ахмад бөхчүүддээ чухам юунаас болж зэмлүүлдэг байв?
-Гайгүй дээ. Зарим нэг нь яаж хаяж байгаа нь мэдэгдэхгүй, нэг л дайрч бужигнуулсан хүн харагдах юм. чамд барилдааны урлаг гэж байна уу, ер нь чи луйварчин маягийн барилдаантай шүү гэж хэлж байсан хүн бий. Ийм л зэмлэл байж дээ.
-Ер нь сонин араншинтай бөхчүүд таарна биз?
-Амлаж аваад барилдах гээд өрөх үед өшиглөөд авах хүн тааралдаж байв. Ухаандаа амаллаа гэж уурлаж байхгүй юу.
Залуу байхад бөхчүүд “Намайг тойрчихоорой” гэж гуйдаг байсан бол нас ахиад ирэхээр “Аварга аа, намайг аваарай” гээд гуйдаг юм байна /инээв/.
-Жаахан сэтгэл дундуур явдаг зүйл?
-Гурав түрүүлж байж аварга цолоо авсан. Үйлдвэрчний эвлэлийн “доль” Цэрэндорж гэдэг хүн “Чамд хасах аварга гэдэг цол өглөө шүү” гэж хэлж байв.
ҮЭ-ийн нэгэн спартакиадаар 36 бөх шатарчилж барилдаад би түрүүллээ. Гэтэл бай шагнал, баярын бичиг өгдөггүй. Бусад хүнд бүр цол өгөөд байдаг. Учрыг асуутал таныг урилгаар барилдуулсан гэж хэлж билээ.
-Тэгвэл хамгийн их баярласан тохиолдол?
-Циркт байхдаа бараг бүх социалист орнуудаар явсан. Харин нэг удаа Итали явах болоод бидний тоглолтыг Ю.Цэдэнбал дарга үзэж хяналаа. Ингээд миний тоглолтын хэрэгсэл нэг тонн гэдгийг дуулаад онгоцонд хүнддэнэ хэмээн хөтөлбөрөөс хассан.
Гэтэл Цэдэнбал дарга “Харин Дамдинг явуулчих. Тэр нугардаг, хугардаг хүмүүстээ тусална биз" гэж билээ.
-Ингэхэд таныг байрныхаа шалыг будахдаа үүднээсээ эхлээд мухрынхаа өрөөний буланд шахагдаад зогсчихсон байсан тухай онигоо сонссон юм байна?
-За нэг тийм юм болох нь болсон юм шүү /удаан инээв/.
-Мөөеө аварга онигоо зохиох талаар шаггүй гэж байгаа биз?
-Аа, тэр чинь Дамдин п........ Баянмөнх п...... гээд явж өгнө шүү дээ. Нэг удаа Цэрэн, Мөнхбат бид гурав Сэлбэд амарлаа. Цэрэнг усанд явсан хойгуур Мөнхбат хоёр тарвага агнаж ирээд майхны үүдэнд тавьчихлаа.
Тэгсэн Цэрэн орж ирээд мэдэлгүй гишгэчихгүй юу, золиг чинь. “Ээ бурхан гончигсүм минь” гэж орилоод л хоёр бидонтой усаа шидчихдэг юм.
-Өөр хөгтэй юм юу тохиолдож байв?
-Аварга Ш.Батсуурь гүйдэг. Би гүйнэ. Улсын наадамд шөвөгт таараад ухасхийгээд ортол тас хийгээд л явчихсан. Хоёулаг мөргөлдчихөж. Дараа нь би гүйгээд хаячихсан юм.
Нэлээд хэдэн өдрийн хойнс тааралдаад “Чиний толгой тархи зүгээр үү” гэж байна Зүгээр л гэлээ. Гэтэл “Би гурван өдөр гүйлгээд үхэх шахлаа” гэж билээ. Тархи нь хөдөлчихсөн байж л дээ.
-С.Цэрэн аваргатай арай ойр дотно байв уу?
-Ойр дотно байсаг олон бөх бий. Цэрэн маань гүндүүгүй, гүдэсхэн их сайхан хүн байсан юм. Мөнхбат тэр хоёр Жаргалантад амарч байхад нь би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд, би ч яахав, өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п.... болоод л сууж байна хэмээн хөхөрч билээ.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Би таван хүүхэдтэй. Эхнэр Цэрэндулам маань Дорноговийн хүн. Хувь тавилангаар учирч 44 жил ханилж байна.
-Хүүхдүүдээс чинь Баяраагаас бусад нь барилдахгүй байна уу?
-Үгүй дээ. Баяраа сайн бөх. Ээж дээр минь өссөн юм. Харин хоёр зээ бий. Миний нэг охин Цэнд-Аюуш заантай суух гэж байгаад больчихсон юм. Түүний нэг хүүг гайгүй бөх болчих болов уу гэж хараад байгаа.
1998 он.
Ярилцсан: Б.Бунд, Д.Баасанжаргал
Эх сурвалж: "Бөх" сонин