Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
⭐⭐⭐ Зургаан залуу заан ⭐⭐⭐

1. Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат бөх, самбо жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер Цэдэндамбын Цэрэнпунцаг. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1994 онд 8 давж заан болсон. 1995 онд барилдаагүй, 1996 ба 1999 онуудад 6, 1997 ба 1998 онуудад 7 давсан. Төрийн наадамд нийт 6 шөвгөрсөн. Төрсөн ах нь улсын өсөх идэр начин Ц.Бэгзсүрэн (1995-онд начин болсон).

2. Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга Баянмөнхийн Гантогтох. 1972 онд төрсөн 1994 онд шууд заан болсон. 1995 онд 6, 1998 ба 1999 онд 5 давж байсан. Улсад 4 удаа шөвгөрсөн. Аав нь их аварга, 20-р зууны манлай Монгол бөх Баянмөнх.

3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Өсөхбаяр. 1973 онд төрсөн 1995 онд шууд заан болсон. 1997 онд 5, 1999 онд 7 давж заанаа батлаад улсад 3 дахиа шөвгөрсөн. Өвөө аав нь гавьяат тамирчин, даян аварга “Буур” хэмээх Нацагийн Жамъян, төрсөн дүү нь аймгийн арслан Батбаяр.

4. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Долгорсүрэнгийн Сумъяабазар. 1974 онд төрсөн 1994 онд начин, 1996 заан болсон. 1995 онд 5 давсан, 1998 ба 1999 онуудад улсад 2 удаа үзүүрэлж, улсад нийт 5 шөвгөрсөн. Аав нь Монгол улсын заан Долгорсүрэн (1976 онд заан болсон), дүү нь улсын начин Сэржбүдээ өнөө жил начин болсон, бага дүү Дагвадорж 1996 оны улсын шонхор.

5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер, сонирхогчдын сүмо баридааны дэлхийн хошой аварга Агваансамдагийн Сүхбат. 1971 онд төрсөн 1993 онд начин, 1997 онд заан болсон. 1998 онд 6, 1999 онд 5 давсан. Төрийн наадамд нийт 4 шөвгөрсөн. 1999 оны цагаан сарын барилдаанд түрүүлсэн. Элэнц өвөө нь даншигийн арслан Хундага.

6. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Батжаргалын Ганбат. 1976 онд төрсөн 1998 онд начин, 1999 заан болж улсдаа 2 дахиа шөвгөрсөн. 1998 оны цагаан сарын барилдаанд үзүүрэлсэн. 20 настайдаа аймгийн арслан болсон, “ламын гэгээний” даншгийн “манлай бөх”, жүдо бөхөөр хэчээлэлдэг.

Нэг сонирхолтой баримт сөхвөл 1999 оны зун Сумъяабазар улсад үзүүрэлж, Цэрэнпунцаг “Эрэл” компаны 10 жилийн ойн барилдаанд түрүүлж маш үнэтэй 2 өрөө байраар, Ганбат Баянхонгорын даншигт түрүүлж УАЗ-469 машинаар, Сүхбат “Алтан овооны” их тахилгад түрүүлж, Өсөхбаяр өвөө аав “буур” Жамъянгийнхаа наадамд түрүүлж тус бүр машинаар мялаалгаж мөн Гантогтох Ховд аймагт болсон “Тэсийн хурд” даншигт түрүүлж жийп машинаар байлуулж байсан билээ.

Эдэн дундаас Ц.Цэрэнпунцаг заан цолыг хамгийн түрүүнд авсан, бас хамгийн түрүүнд найм давж үзсэн. 1994 оны баяр наадмаар Завханы хүчит заан маань хурц арслан Д.Мөнх-Эрдэнийг өвдөг шороодуулан долоо давж билээ. Тухайн үед Мөнх-Эрдэнэ Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд өвдөг шороодно гэдгийг бараг мартаад байв. Харин Цэрэнпунцаг түүнийг хаяснаар залуу үе хүч түрэн гарч ирж буйг харуулсан юм. Цэрэнпунцаг дараа нь өөртэй нь адил заан цолны болзол хангаад байсан Р.Гансүхийг хаяж, шөвгийн гуравт үлдсэн юм. Цэрэнпунцагийн хувьд хоёр шуундаа асар их бяртай гэдгээр үеийнхнээсээ ялгарч байлаа. Жүдогийн хүн болохоор ачих, тохох, хөмрөх гээд нисэлттэй, үзүүштэй мэх хийж барилдана. Басхүү аархуу зан нь олон хүний хайрыг татдаг байлаа. Даанч наадмаар Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарт олон удаа унаж, өндөр цолд хүрэх боломжоо алдсан даа.

Гарьд Б.Гантогтохын хувьд түүнтэй адил 1994 онд заан цол хүртсэн. Долоогийн даваанд “Том” Сүхбатад унаж яваад чөлөөтийн хүний мэдрэмжтэй барилдаанаар давсан нь монгол бөхийн гайхамшигт агшны нэг болон үлджээ. Тэрбээр үндэсний бөхөөр А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарт арай олон унасан байх. Харин чөлөөтөөр энэ хэдээсээ толгой илүү байсныг өнгөрсөн үеийн баримт гэрчилнэ. ДАШТ-ээс хоёр ч удаа медаль авах дөхсөн бөх шүү дээ. Гэвч жин их хасдаг байсан, удаа дараа хүнд гэмтэл авсан зэрэг нь түүний амжилтыг хойш татсан юм.

1995 оны наадам гэхээр хүн бүр залуухан аймгийн арслан Г.Өсөхбаярын дайчин, зоримог барилдааныг эргэн санах байх. Өндөр аварга тухайн үед нутгийн бөхчүүдийнхээ дэмжлэгээр начин цолд хүрсэн нь үнэн. Харин үүнээс хойш ёстой л мөнчгөрөөрөө хүч үзсэн дээ. Зургаагийн даваанд начин цолоо батлаад байсан Сумъяабазарыг, долоод ноднингийн дуулианы эзэн Б.Гантогтохыг харцагадаж дайрах мэхээр хаяж, заан цолтны эгнээг нэгээр нэмсэн хүчтэн. Өөрийн арал, чацаа ашиглаад барилдвал хэнийг ч тэсгээхгүй гэдгийг энэ барилдаанаар харуулсан гэж болно.

Өсөхөө заан болсны дараа жил Сумъяабазар энэ цолд хүрсэн. Зааны даваанд хүч бяр ихтэй Цэрэнпунцагийг даацтай хутгаад давж байлаа. Энэ үед түүний дүү Дагвадорж хүүхдийн барилдаанд түрүүлж, ахынхаа араас есөн хөлт цагаан тугаа тойрон дэвж явсан нь монгол бөхийн түүхэнд үлдэх ховорхон агшны нэг билээ.

Үүнээс хойш 1997 онд А.Сүхбат, 1999 онд Б.Ганбат нар заан цолд хүрснээр зургаан залуу заан гэсэн үг бий болсон юм.

Одоо энэ бөхчүүд бүгд цолоо ахиулсан. Тэднээс А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар монгол бөхийн дээд цолд хүрсэн бол Д.Сумъяабазар улсын аварга, Б.Ганбат арслан, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар гарьд цол хүртээд байна. Тэд хамтдаа улсын наадмын найман түрүүг авч, бас найман удаа үзүүрлэжээ.

Зургаан хүчтэнээс наадмын үзүүр, түрүүнд хамгийн түрүүнд хүрсэн нь Сумъяабазар. Тэрбээр 1998 оны наадмын долоогийн даваанд хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэтэй барилдахдаа шахаж татаад, нэг хөл дээрээ долоон удаа догоноцоод давсан нь өвөрмөц барилдааны тоонд зүй ёсоор орно. Улмаар наймын даваанд Цэрэнпунцагийг хавирахад нь дагуулж тахимдаад давж, цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй түрүү булаалдахаар үлдэж байв. Сумъяа 1997 оны наадмын тавын даваанд өвдөг шороодсоны дараа хүчний бэлтгэл их хийсэн гэдэг. Ингээд дараа жилийнх нь наадам гэхэд эрс зузаарч, хүч бяр нь эрс нэмэгдсэн байлаа. Тиймдээ ч хоёр жил дараалан наадмын түрүү булаалдсан байх. Гэвч улсын баяр наадмаар Өсөхбаярт зургаан удаа унаж, том цолонд эрт хүрэх боломжоо алдсан. Хэрвээ наадамд түрүүлэхийг хүсч л байвал сайн найз, гол өрсөлдөгч Өсөхөөг хаях хэрэгтэй байдаг. Улмаар 1024 бөх барилдсан 2006 оны наадмаар түүнийг давж, түрүүлэх замаа засч байлаа. Сонирхуулахад Өсөхөөг хэрхэн хаях аргыг Х.Баянмөнх аварга түүнд зааж өгсөн гэдэг. 2006 оны наадмын өмнө тэд тааралдан хоорондоо юм ярилцжээ. Энэ үед хашир аварга түүнд “Чи яагаад Өсөхөөг хаяж чаддаггүй юм бэ. Уг нь чамд боломж бий шүү дээ. Анзаараад байхад чи түүнтэй хав барьцнаас барилдаж унаад байна. Харин Сүхбат шиг унахаас айлгүй зоримог барилдах хэрэгтэй” хэмээн зөвлөж. Сумъяа ч аваргын зөвлөсний дагуу урьдын адил хав золголгүй, сэрвүү барьцнаас мордоод давсан юм.

ол өрсөлдөгчдөө зориулан мэх бэлдэхийн чухлыг А.Сүхбат аварга жинхэнэ утгаар нь харуулсан. “Жижиг” аваргын хувьд Сумъяабазар хамгийн эвгүй учраа нь байв. Түүнийг хаяж байж л наадамд түрүүлэх хүслээ биелүүлэх учиртай. Харин түүнтэй барилдахад дан болон давхар шуудагнаас хаяна гэдэг хэцүү. Ингээд бодсоны эцэст гар ачаа хамгийн боломжтой хувилбар гэдгийг ойлгож, энэ мэхийг бараг бүтэн жилийн турш давтсан гэдэг. Улмаар 2000 оны наадмын долоогийн даваанд энэ хоёр хүчтэн тунахад Сүхбат удаан бэлдсэн гар ачих мэхээрээ давж, наадамд түрүүлэх замаа зассан билээ. Энэ мэтээр тэдний хоорондын барилдаан, гайхалтай мэхнүүдийн талаар бичээд байвал барагдахгүй их юм гарч ирэх нь тодорхой. Тэд үндэсний бөхөөс гадна их спортоор давхар хичээллэж, эх орноо төлөөлөн тив, дэлхийд өрсөлдөж явсан бөхчүүд. Их спортын энэ их бэлтгэл амжилт гаргахад нь нөлөөлж байсан биз ээ.

Монгол бөхийн ертөнцийг доргиож байсан энэ зургаан хүчтэн өдгөө цагийн эрхээр харьж, доороос гарч ирэх залуу бөхчүүдэд байраа тавьж өгсөн. Гэхдээ тэд барилдахаа больсон ч олны дунд домог мэт яригдаж, ард түмний хайрыг татсан хэвээр.

Улсын өндөр дээд цол авах нэг хэрэг. Харин түүндээ эзэн болж явах нь хамгийн чухал. Тэгвэл энэ зургаан хүчтэн цолондоо бүрэн дүүрэн эзэн болж чадсан юм. Зургаан залуу зааны үе ч сайхан байж дээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр:
Эдгээр зургаан залуу заанаас хамгийн түрүүнд улс төрийн сонголтыг хийсэн хүн бол Г.Өсөхбаяр юм. Тэрээр ид байх үедээ тухайн үеийн МАХН-ын дуулиант МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн болсон байсан. Хожим нь түүнийг Н.Энхбаярыг дагаж МАХН-д элсэж байгаа тухай баахан шуугисан ч гэсэн худлаа байсан юм. Архангай аймгийнх учир ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай ойрхон явсан нь ингэж хардагдахад хүргэжээ. У.Хүрэлсүхийн фраkцид багтдаг Г.Өсөхбаяр аварга 1920 он гэхэд улс төрд орж ирэх төлөвлөгөөтэй гэж нэгэн найздаа ам алдсан гэдэг.  Сонирхолтой нь тэрээр зургаан залуу заанаасаа хамгийн олон удаа улсын наадамд түрүүлчихээд байгаа. Цаашид ч түрүү бий гэж үзэж байгаа учир улс төрд орох хугацаагаа 2020 он гэж төлөвлөсөн биз. 
Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг:
Үндэсний бөхөө зургаан залуу заанаасаа хамгийн түрүүнд орхиж нилээд нэртэй бизнесмен болсон. Гэвч Г.Өсөхбаярын дараа МАН-д элсчээ. Тэрээр Завхан аймгийг төлөөлөн МАН-ын бага хуралд суудаг. УИХ-д Завхан нутагтаа нэр дэвших гэтэл Ш.Сайхансамбуу тэргүүтнүүд хэл ам хийгээд суудал гаргаж өгөөгүй. Хэрүүл зарга хийсэн Ш.Сайхансамбуу ч сүүлдээ бас суудалгүй үлдсэн юм. Харин тэрээр 2016 онд Завхан нутагтаа дархан дэвшинэ. Дархан ялалт байгуулна. Ц.Цэрэнпунцаг Завханчуудын нэгэн бахархал шүтээн нь гэгддэг. МАН дотроо М.Энхболдыг дагадаг гэж эх сурвалж мэдээллээ. Зургаан залуу заанаас хамгийн хэнэггүй барилдсан нь. Уг нь бөх сонирхогчид улсын наадамд түрүүлнэ гэж итгэж хүлээж байсан ч тэрээр шунаж барилдаагүй юм.
Улсын аварга Д.Сумьяабазар:
Зургаан залуу заанаасаа хамгийн түрүүнд УИХ-ын өндөр босгыг давж орж ирсэн. Жил гаран үргэлжилсэн дуулиант маргааны эцэст тангарагаа өргөж энэ парламентын отгон гишүүн боллоо. МАН-ын Бага хурлын гишүүн. Нийслэлийн хамгийн том дүүрэг Сонгинохайрханыг төлөөлдөг. Түүнийг улс төрд нилээд хугацаанд явна гэж хөндлөнгийн хүмүүс ажиглаж байгаа. Нам дотроо Сү.Батболдын бүлэглэлд багтдаг. Дүү Д.Дагвадоржийгоо АН-д элсүүлж нам дамнан бизнесээ хамгаалсан гэр бүлийн тоог нэмсэн гэж шүүмжлэлд өртөөд байсан.
Улсын гарьд Б.Гантогтох:
Зургаан залуу заанаас хамгийн түрүүнд АН-д элссэн тамирчин. Түүнийг ийм сонголт хийхэд мэдээж дархан аварга аав нь нөлөөлсөн нь гарцаагүй. Х.Баянмөнх аварга АН-ын нэрийн өмнөөс Увс нутагтаа нэр дэвшиж явсан удаатай. Ц.Элбэгдоржийн үнэнч фен. Б.Гантогтох гарьд АН-ын ҮЗХ-ны гишүүн. УИХ-д намаасаа Увс нутагтаа эсвэл Улаанбаатарт нэр дэвших гээд тойрог олдоогүй. 
Дархан аварга А.Сүхбат:
Улс төрийг сонирхохгүй гэж тунхаглаж байсан энэ эрхэм Х.Баттулгаар хөтлүүлэн ирж АН-д элсжээ. Тэрээр бүр 1990 оноос эхлээд л энэ намын үйл хэрэг, бодлого зорилгыг дэмжиж ирсэн гэдэгээ ил тодорхой зарласан. Ийм сонголт хийхэд найз бас хадам нь байсан Б.Гантогтохын шийдвэр, Х.Баянмөнх багшийн ятгалаг, Х.Баттулга сайдын амлалт нөлөөлсөн байх магадлалтай.
Улсын арслан Б.Ганбат:
Зургаан залуу зааны хамгийн залуу нь. Улс төрийг биш наадмын дэвжээндээ анхаарч байгаа. Гэвч түүнийг нутгийн ах УЕП Д.Дорлигжавын үгнээс гардаггүй гэх аж.  Бас УИХ-ын гишүүн асан Д.Одхүү хуурай ах нь юм байна. Энэ мэт ардчилагчдын нөлөөгөөр АН-ынхантай тун ойрхон байдаг аж. Тэгсэн мөртлөө АН-д албан ёсоор элсээгүй гэнэ. Наадмын дэвжээгээ орхих цагт АН-даа элсээд Увс нутагтаа нэр дэвших нууцхан мөрөөдөлтэй байдаг гэж эх сурвалж тайлбарлав.