Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Монгол бөхийн хувцас хэрэгсэл

Монгол үндэсний бөхийн түүхэн хөгжлийн явцад хувцас, хэрэглэл өмсгөл нь нарийн болж ирсэн юм. Хүнийг барьцтай, барьцгүйгээр хөлийг нь дан буюу давхраар нь хавсрах, цохих, цээж мөрнөөс нь барьж эргүүлэн, дүүгүүрдэх, бэлхүүс ташаа түүнээс дооших биеийн барьцаас өргөх, татах зэрэг их хэмжээний бяр, хүч зааж барилдахад тэр эн аясыг даах, бие эрхтэнд элдэв гэмтэл согог олохоос хамгаалахад зохицсон өмсгөл заавал хэрэгтэй байсан. Нөгөө талаар бөхийн галбир төрхийг улам сайхан болгож, эр хүний гоо үзэсгэлэнг харах боломжийг Монгол бөхийн өмсгөл олгодог юм. Чухамхүү ийм хувцас, өмсгөлийг Монгол бөх өөрийн урт удаан хугацааны хөгжлөөрөө бүтээн бий болгожээ. Монгол бөхийн өмсгөл дараахи хэсгүүдээс бүрдэнэ.

а Малгай

б Зодог / далбаа гэж бас ярьдаг/

в Шуудаг

г Хонгоны даралт /түрийний боолт/

д Гутал, оймс

е Гутлын хүлэг / ногт/ Дэлхий дахины улс, үндэстэн бүр өөр өөрийн бөхийн спортой агаад түүнийхээ мөн чанар, барилдааны урлагт тохирсон хувцас хэрэглэлийг буй болгосон байна. Монгол үндэстний бөхийн хувцас хэрэглэл үүний нэг тод нотолгоо мөн. Монгол бөхийн хувцас хэрэглэлийн тухайд Я.Цэвэл /1951/, Ж.Дамдин /1966/, Л.Ням-Осор, Б.Батсүх /1989/, Г.Эрдэнэ /1992/, Доктор Х.Баянмөнх /1994/ нар судалж өөрсдийн бүтээлд тусгасан бөгөөд доктор Х.Нямбуу /1996/ Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэлийн талаар баялаг өгөгдөхүүн бүхий материалыг нийтэлсэн явдал монгол бөхийн хувцас хэрэглэлийн талаархи мэдээллийг өргөжүүлж өгч байна.

Судлаачид Шаньси мужаас эртний нэгэн пайз олсон байна. Энэ пайзан дээр үсээ шууж боосон, шалбуур өмдтэй, цээж нүцгэж барилдаж байгаа бөхчүүдийг дүрсэлсэн бөгөөд уг пайзыг цаг хугацааны хувьд Хүннүгийн үед хамаарах дурсгал гэж /Х.Нямбуу 1996/ үзсэн байна. Пайзан дээр ийнхүү зориуд дүрсэлснийг бодоход барилдаж байгаа энэ хоёр бөх хотныхоо захад дээлтэйгээ барилдаж байгаа хоёр хөвгүүн лугаа тохиолдлын зүйл биш тэр үеийн бөхийн барилдааны бодьтой дүрс байж таарна.

Үүний зэрэгцээ Ляо улсын нийслэлийн зүүн балгаснаас 1931 онд барилдаж байгаа Кидан хүүхдийн дүрс бүхий ваар олдсон бөгөөд энгэртээ элгэвч зүүж, гадуур нь ханцуйгүй охор цээживч өмссөн дүрс сийлэгдсэн байна. 1939 онд мөн нутгаас найман талтай вааран дээр шуудаг элгэвч өмссөн, бусад бие нүцгэн барилдаж байгаа бөхчүүдийг дүрсэлсэн байсан ба Монгол угсаатан бөх барилдахад хөндлөн цээживч мэт юмаар хөхөө дарна, барилдахуйд бүдүүн утсаар нэхсэн бат дээл өмсөхийнг цээживч өмсөхүй хэмээмүй гэж эртний тайлбар толинд бичсэн байна.

Энд дурьдагдаж байгаа бүх олдворууд нь түүхийн шинжлэх ухаанд түрүү үеийн монголчууд /Г.Сүхбаатар 1992/ хэмээн нэрлэж заншсан Хүннү, Кидан гүрний уугуул нутгаас олдсон бөгөөд тухайн цаг үе дэх Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэл, барилдааны төрх төлвийг нилээд тодорхой харуулж байгаагаараа нэн чухал баримт юм. Эдгээр одлворын байдал, баримт нь тэр цагийн бөхчүүдийн зарим нь энгэртээ элгэвч зүүж, ханцуйгүй оготор цээживч өмсөж барилдаж байхад зарим нь цээж нүцгэн шуудаг өмссөн, зарим нь бүдүүн нэхмэл эдээр хийсэн дээл маягийн хувцас өмсөж барилдаж байсныг тод хэлж байна. Чингэхлээр түрүү үеийн Монголчууд буюу Хүннү болон Кидан гүрний үед Монгол туургатны бөхчүүдийн тухайд барилдахад зориулсан тусгай хувцас хэрэглэл нэгэнт буй болсон цаг агаад бөхийн хувцас хэрэглэл нилээд олон янз байсан бөгөөд харин элгэн бие нь ямар нэг байдлаар битүү байсан бололтой.

Монгол үндэстний бөхийн түүхэн хөгжлийн эхэн үед бөхийн хувцас хэрэглэлийг хийдэг үндсэн эд нь арьс шир байсан ажээ. Энэ талаар Монголын түүхэн эх бүтээлүүд болон архелогийн олдворууд тодорхой мэдээ баримт өгч байгаагийн зэрэгцээ Монголын баатарлаг туульсад олонтой өгүүлсэн бий. Тухайлбал: “өвгөн Бужиндар хаан” үлгэрт “идэр цагаан зааны ширээр хийсэн, шандас шөрмөс оосортой зодог шуудгаа багтааж ядан байгаа” тухай гардаг хийгээд, өөр нэгэн туульсад зуун бухын магнайг түүхий цагт нь зүүгээд хийсэн зодог цагаан шалбуур, буурын арьсан зодог, барын арьсан шуудаг хэмээн өгүүлсэн буй. Энэ хэдийгээр үлгэр туульс уран зохиолын халил байгаа боловч Монгол бөхийн хувцас хэрэглэл ямар эдээр хийсэн юу байсныг тодорхой өгүүлж байгаа хийгээд эдүгээ цагт өвөр монголчууд бөхийн зодгоо булигаараар, Ордос, Ойрад, Үзэмчин бөхчүүд хувцас хэрэглэлээ арьс ширээр хийсээр байгаа нь элэр эртний улбаа уламжлалаа хадгалсаар ирсэнийг харуулж байна.

Түрүү үеийн монголчууд бөхийн хувцас хэрэглэлээ ийнхүү арьс ширэн эдээр хийдэг байсан явдал зөвхөн нүүдлийн мал аж ахуйтан Монгол туургатны тухайд бус бусад улс үндэстэнд ч бас ийм байсан байж болохыг Ираны Камаадан мужийн бөхчүүд Өгөөдэй хааны үед Хархорум хотод ирж барилдахдаа арьсан шуудаг өмсөж байсан баримт харуулж байгаа болно. МЭӨ IҮ зууны үед Хүннү аймгийн бөхчүүд ямаа, гөрөөсний арьсыг тулмалж өвчөөд элдэж хийсэн өмсгөлтэй байсан тухай мэдээ ч бас байна.

Монгол туургатны нийт хүрээнд авч үзвэл тэдгээрийн бөхийн барилдаан өөр өөрийн дүрэм журам, ёс, жаяг, мэх техниктэй өвөрмөц хэд хэдэн төрлийн барилдаан байгаа бөгөөд үүнээс үүдэн Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэл нутаг орон, ястан омгийн байдлаараа үлэмжхэн ялгаатай байна. Учир ийм болохоор Монгол үндэсний бөхийн хувцас хэрэглэлийн үүсэл гарал, хувьсал хөгжлийн асуудлыг авч үзэхэд нийт Монгол туургатны бөхчүүдийн хувцас хэрэглэлийг аль нэг хэмжээгээр нэг бүрчлэн авч үзэж өөр хооронд нь харьцуулан судлах явдал уг асуудлыг үндэслэл сайтай танин мэдэхэд тустай байх болов уу гэж бид үзлээ. Нэг. Өвөр Монгол бөхийн хувцас хэрэглэл. Зодог, том халхгар өмд, тугдгар монгол гутал, малгай дөрвөөс бүрдэнэ. Зодог нь булигаар хоёр давхарлаж хийгээд зодог ширээсний оронд дөрвөн хуруу хир өргөн эгнээгээр том том металл товруу шигтгэн бэхэлж далбааны ар зоон дагуу мөнгөөр хийж үнэт чулуугаар чимсэн гурван эгнээ урт хавтгай ялтас байх ба зодогны ханцуй тохойноос үл хэтрэх охор бөгөөд мөн товруу хадсан байна. Өвөр Монгол бөхийн хувцас хэрэглэлд шуудаг байхгүй түүний оронд олон метр бөс эдээр хийсэн өвдөгнөөс дээш их хуниас бүхий халхгар өмд өмсөнө.

Гутлын тухайд Монгол гутал авч мохоо тугдгар хоншоортой, угалз хээгээр чимсэн, хоёр шагайнд том төмөр товхтой, оймс, гутлын түрүү хоёрын завсар хулсан бэхэлгээ хийсэн байна.

Хоёр. Үзэмчин бөхийн хувцас хэрэглэл:

Зодог өмд, гутал, туухуу, савслага, хормогч, хүлээ, занги гэсэн найман зүйлээс бүрдэнэ. Зодог болон бусад хувцас хэрэглэлийг булигаар, үхэр, тэмээ, бугын шир, сайр, арьс, эсгий, бөс зэргээр хийнэ. Үзэмчин бөхийн зодог битүү задгай гэсэн хоёр янз байна. Задгай зодогны ханцуй Өвөр Монголынхтой адил охор, зодогны ар, их бие ташаан толгой шүргэхүйц урт, элэг бүс өргөн байх ба зодогны мөр ханцуй зэргийг булигаар сайраар захлан нягт бөх бат ширнэ.

Битүү зодог мөн охор ханцуйтай байх авч их бие нь хүрэмтэй төстэй аж. Нэр цуутай бөхчүүдийн зодог ханцуй, дал, мөр, ар, их биеийн хэсэгт мөнгөн, гуйлан товруу хадаж түүн дээр гарди, луу, бар, арслан мэт хүчтэнийг дүрслэх буюу “Хүчээр дийлэх” гэсэн үг сийлсэн байна. Үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн нэг онцлог хормогч мөн. Хормогч нь бөхийн бэлхүүсэн талыг халхалж зодогны хормой өмдний захыг хамтатган дарж бэхлэх зориулалттай. Үзэмчин бөхийн барилдаанд зориулж хэрэглэдэг өмдийг зарим судлаачид /Х.Нямбуу 1996/ ардын уламжлалыг дагаж “тохой” хэмээх хэмжүүрээр тодорхойлж бичсэнийг үзвэл, 20-40 тохой бөс бараагаар хийх бөгөөд өмдний захын тойрог арван гурван тохой, шуумагны үзүүрийг тойрог дөрвөн тохой гэхчилэн олон хуниас бүхий шалхгар өмд байдаг аж.

Үзэмчин бөхийн хувцас хэрэглэлийн өөр нэг онцлог бол “туушуу” юм. Туушуу улаан, хөх зэрэг тод өнгийн торгомсог эдээр хийж сүрлэг хүчирхэг амьтдын дүрс хатгамалдсан байх бөгөөд бөхийн өвдөг хамгаалах зориулалт бүхий зүйл юм. Гурав. Ойрад Ордос бөхийн хувцас хэрэглэл. Зодог, Шуудаг, гутал малгай зэргээс бүрдэнэ. Ордос бөх хувцасаа арьс, шир, эсгийгээр хийж байсан ба хожуу торгомсог эдээр хийх болсон байна. зодогны энгэр задгай, ханцуй охор, шуудаг “өмд” нь өвдөгнөөс үл хэтрэх байдалтай хагас охор байна. Зодгоо алт, мөнгө, гууль, зэс гэхчилэн үнэт эдлэл товруугаар бэхлэж чимнэ. Ордос бөхийн малгай нь дөрвөлжин хөх арчуур, эсвэл арьсаар хийсэн монгол маягийн малгай байна. Барилдахад зориулсан өмд буюу шуудаг нь сайн элдэж зөөлөлсөн шир, арьсаар хийсэн өвдөг үл хэтрэх охор өмд байна.

Ордос бөхчүүд өвөл цагт ширээр хийсэн Монгол хэвийн гутал өмсөх ба зун бөсийг шаглаж оёсон өндөр түрийтэй шаахай маягийн гутал өмсөж /Х.Нямбуу 1996/ барилддаг байна. Дөрөв.Ойрад /Шиньжаны/ бөхийн хувцас хэрэглэл: цээживч зодог шуудаг /өмд/ гутал зэргээс бүрдэнэ. Цээживчийг бугын идээлсэн арьсаар хийж, зэс товруу хадаж бэхлэх ба ар талд нь “луу” “бар” мэт хүчтэнийг хатгамалдсан байна. Тав. Баруун Монголын бус ноолдоон бөхийн хувцас:Зөвхөн арьсаар хийсэн шалбуур өмд байна. Шалбуурын ар биед бат бэхийг бэлэгдсэн эвэр угалз хадна. Зургаа. Монгол /халх/ бөхийн хувцас хэрэглэл: малгай, зодог, шуудаг, гутал, оймс, нөмрөг, эрээн булчин буюу гутлын түрийний боолт хүлэг гэсэн долоон хэсгээс бүрдэнэ. Монгол бөх малгайгаа улаан, хөх өнгийн торгон дээр найман хошуу хэсэг, дөрвөн талаас бүрдүүлэн хийх ба орой дээрээ Жанц, жинс бүхий жанжин малгай өмсөнө. Монгол бөхийн зодгийг гол төлөв хөх, улаан өнгөтэй бөх бат торгомсог эдээр хийх ба ханцуй нь гарын урттай тэнцүү гүйцэд, энгэр бие задгай, ар бие нь зоо нурууны тэн хагас орчим, дал мөр, суга нь биетэй хий зай аль болох бага байхаар үйлдэгдсэн байна. Зодогны их биеийн ар санчигны хоёр өнцөгт элэг бүсийг бэхэлж сүвээний хавирга доогуур хүйсний дээхнэ зангидахаар тохируулна. Зодогны их биеийг нийтгэмэл хадаг, мяндсан утсаар дөрвөн хуруу хэр өргөн захалж дөрвөлжин нүд гаргаж ширнэ.

Шуудгийг зодогтой ихэвчлэн эсрэг өнгөтэй боловч ижил эдээр хийж мөн хадаг, мяндас нийтгэмэл утсаар хоёр хуруу өргөн эгнээгээр захлан ширж бөхлөх ба сур, хадаг, мяндас эдээр тэлээ уяа хийнэ. Зодог шуудагны их биеийн төв дунд зуйван дөрвөлжин хээ ширж чимж бөхлөнө. Монгол бөх барилдахдаа хар, улаан өнгийн булигаараар хийсэн мохоодуу ээтэн хоншоортой сарьс хавчиж, цөөвтөр угалз тавьсан Монгол гутал өмсөх ба гутлын толгойн хэсгийг ултай хамт ногтлон суран хүлгээр хүлж бөхлөхөөс гадна гуталны дотуур угалз хээ бүхий омогтой хагас ширмэл оймс өмсөж гутлын түрий оймсыг хамтад нь дарж эрээн булчингийн тус хэсгээр бооно. Монголчууд зодог шуудгийг эхэн үедээ цэнхэр хөх, ухаа улаан өнгийн эдээр хийдэг байсан бөгөөд бөөгийн мөргөлийн үед байгаль дэлхий уул хангайг биширч ногоон өнгөтэй, шарын шашин дэлгэрч эхэлсэн хугацаанд шар өнгийн өмсгөл зонхилж байсан ба эцэст “Хөх тэнгэрийн орон”, “Хөх монгол” хэмээх билэгдлийг дээдэлж хөх, улаан хоёр өнгө зонхилдог болсон гэж зарим судлаачид /Х.Баянмөнх 1994/ үзсэн байдаг.

Манай бөхийн зодог шуудаг ХIХ зууны эхэнд аймаг, хошуу, бүс нутаг, албат, шавь зэрэг бөхийн цол зэрэг зиндаагаар ялгаатай байсан бөгөөд тухайлбал: Богдын шавийн бөхчүүд улаан өнгийн, дөрвөн аймгийн бөхчүүд цэнхэр хөх өнгийн аварга, арслан, заан цолтон хамбан, начин цолтон торгон, начинаас доош цолтон чисчүү, цолгүй бөхчүүд даалимбан зодог, шуудагтай байсан ажээ. Монгол бөхийн хувцас өмсгөл, жанжин малгай, зодог шуудаг, гутал хэрэглэл нь бөх хүний сүр хүчинд дээд зэргээр нийцсэн, барилдах урлагийн бүх боломжийг хангасан хувцас хэрэглэл төдийгүй сонгомол хийц загварт хүрсэн эд агуурс соёлын үнэт зүйл мөн. Одоо цагийн Монгол бөхийн хувцас хэрэглэл нь уран мэхийг маш олон хувилбартай хийж бүрэн хүч үзэн барилдах тийм боломжийг хангасан бөгөөд бөхийн бие махбодийн байдалд маш нийцтэй тэдний эрүүл мэндэд харшгүй, бөхийн сүр үзэмжийг дээдэлсэн төгс зохицолтойгоороо Монгол туургатны бөхийн өмсгөл хэрэглэлийн сонгомол загвар мөн гэж зохиогч үзэж байна.

Монгол бөхийн хувцас хэрэглэл ХХ зууны II хагаст нэн боловсронгуй, үзэмж төгөлдөр болж байгааг бид харж байна. магадгүй энэ зурвас үе Монгол бөхийн хувцас хэрэглэл төгс боловсронгуй төрхтэй болсон үе ч байж болно. Монгол бөхийн хувцас хэрэглэлийн үүсэл түүхэн хувирал өөрчлөлтийг нийт Монгол туургатны хэмжээнд авч үзвэл дараахи дүгнэлт саналыг дэвшүүлэх үндэслэл байна. Археологийн олдвор, эх түүхийн тулгуур бүтээлүүд, эрдэмтэн судлаачдын баримт нотолгоо энэ бүгдээс үзэхэд түрүү үеийн Монголчууд тухайлбал Хүннү, Сяньби, Жужан, Кидан гүрний үе буюу хоёр мянга гаруй жилийн алсад бөх барилдахад зориулсан тусгай хувцас хэрэглэл Монгол туургатны хэмжээнд нэгэнт буй болж түүнийг бөхийн барилдаанд хэрэглэж заншсан.

Монгол /халх/ бөхийн хувцас хэрэглэлтэй Өвөр Монгол, Ойрад, Ордос, Үзэмчин зэрэг бөхчүүдийг хувцас хэрэглэлийг харьцуулан үзвэл эдгээр омог, ястны бөхийн хувцас хэрэглэл Өвөг Монгол бөхийн барилдааны дүрэм горим, арга барил түүхэн байдлыг аль болох хэвээр хадгалах зарчимд үндэслэсэн байна гэж үзүүштэй. Энэ байдлаараа Өвөр Монгол, Үзэмчин, Ойрад, Ордос бөхийн барилдааны урлаг мэх техник нилээд хязгаарлагдмал талтай байхад харин Монгол /халх/ үндэсний бөхийн хувцас хэрэглэл нэн боловсронгуй болох чиглэлд эрчимтэй хөгжиж энэ чанараараа Монгол бөхийн барилдааны урлаг үлэмж баяжиж мэх техник нь хагас мянгад хүрч сонгодог хэлбэрийг олжээ гэсэн дүгнэлт хийгүүштэй байна. Монгол туургатны бөхийн хувцас хэрэглэл төрөл, бүтэц, хийц, загвар, хийсэн эд материал зэргээрээ омог, ястан, бүс нутгаар үлэмжхэн ялгаатай байгаа явдал Монгол бөхийн түүхэн хөгжил өөрчлөлтийн шат эрэмбийг эрэлхийлж байгаа бөгөөд доктор Х.Нямбуу /1996/ Ойрад Монгол, Өвөр Монгол, Үзэмчин бөхийн өмсгөл Монгол бөхийн өмсгөлийн нилээд эртний хэлбэр гэж үзсэнтэй бид санал нийлж байна.

Түрүү үеийн Монголчуудтай холбогдох археологийн олдвор эх түүхийн мэдээ зангиас үзвэл зарим нь шалбуур өмдтэй бие нүцгэн, зарим нь шуудаг цээживчтэй, зарим нь охор ханцуйтай зодог шалбуур өмдтэй зарим нь зөвхөн шуудаг өмдтэй барилдаж байжээ. Үүнээс үүдэн бодвол юу ч атугай түрүү үеийн Монголчууд хэмээх түүхийн тэр элэр цагт Монгол угсаатан ганц биш овог, отог, ханлиг аймгууд хэд хэдэн төрлийн барилдаантай байжээ гэсэн нэгэн ойлолт гарч ирж байна. Монгол туургатан өвөр Монгол, Үзэмчин, Ойрад, Ордос, Халх монгол бүгдээрээ зодог шуудаг хувцас хэрэглэлээ арслан, бар, гарди, луу мэт хүчирхэг амьтадын дүрсээр чимдэг утга билэгдэл нь буй болсон цаг хугацааныхаа хувьд Монголчууд бөхдөө хүчирхэг араатан жигүүртэн амьтадаар нэршсэн цол чимэг олгодог болсонтой нэгэн эх үүдэлтэй байж болох талтай гэж үзэж байна. Нөгөө талаар эдүгээ цагийг иртэл Монгол туургатнуудын нилээд хэсэг охор ханцуйтай, металл товруутай барилдахад зориулсан хувцас гэхээсээ цэрэг, баатар, дайчин эрчүүдийн бие хамгаалах хэрэгсэл гэлтэй зодог өмсөж шалбуур өмдтэй, туухуу хамгаалалттай байгаа нь Монголчуудын эрийн гурван наадам цэргийн эрдэмтэй угсаа үүсэл нэгтэй гэж үзэж буй бидний бодол, дүгнэлтийн нэгэн төрөл нотолгоо мөн ч Их эзэн Чингис хааны хувцсыг шөвөг хатгах зайгүй Шөвөг төмөр өмсөж, зүү шивэх завсаргүй зүймэл хуяг өмсөж хэмээн өгүүлсэн хийгээд олон Монгол туургатны бөхийн өмсгөл металл чимэг, бөхөлгөөтэй байдаг. Халх Монгол бөхийн зодог шуудагны дөрвөлжин ширээс энэ бүхэн өөр хоорондоо үүсэл, түүхэн уламжлал, хувирлаар ямар нэгэн холбоо сүлбээтэй байж мэдэх болой.