Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Гиннесийн эзэн Урнаа

Монголын жүдочдоос Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авчирсан цорын ганц хүн нь гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг. Урнаа өнгөрсөн жил Олон Улсын жүдогийн холбооноос (IJF) зохион байгуулдаг “Мастерс”, “Их Дуулга”, “Гранпри” тэмцээнд хамгийн олон медаль хүртсэн амжилтаараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд бичигдсэн монголын анхны жүдоч. Эмэгтэй гэлтгүй, эр хүн шантармаар бөхийн спортыг 16 настайдаа сонгосон түүнийг зөвхөн жүдогоор өндөр амжилт үзүүлсэн гэвэл өрөөсгөл ойлголт. 17-хон настайдаа кураш бөхийн дэлхийн аварга болж, 2010, 2014 онд самбогоор дэлхийн хошой аварга болсон. Нэг ёсондоо бөхийн гурван төрөлд дэлхийн аварга болсон эрэмгий, дайчин, мундаг бүсгүй. IJF-гийн дэлхийн чансааг анх гаргаснаас хойш 48 кг-ын жинд эхний 10-аас бууж үзээгүй. Жинд нь бяраар, хэвтээ барилдаанаар түүнтэй эн зэрэгцэх хүн байхгүй. М.Уранцэцэг 2012 оны Лондоны олимпод 7, дөрвөн жилийн өмнө Риод 5 дугаар байрт орсон. Ирэх жил Токиогийн олимпийн татамид дутуугаа гүйцээж, хамгийн том зорилго, хүсэн хүлээж буй медалиа авчихвал бараг бүх тэмцээний медалийн цуглуулгатай болох байх шүү.