Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Маршалыг хилэгнүүлсэн Ш.Батсуурь аварга

 

Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн Монгол Улсын дархан аварга цолтой бөх долоо байдаг. Тэдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Шаравын Батсуурь аварга юм. Ш.Батсуурь аваргын ид барилдаж байсан үетэй холбоотой нэгэн бараан түүх бий. Энэ бол 1949 онд болсон явдал. Тэрбээр наадмын үзүүр түрүүнд Баянхонгорын П.Аюушийг даваагүйнхээ төлөө олон жил хэлмэгдэж, ид барилдах үедээ гундуухан явсан юм. Энэ явдалтай холбоотой аваргын дурсамж яриаг хүргэж байна.

“Би улсад хоёр жил дараалан түрүүлээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан үе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хүргэн. Бид наадмын өмнөх орой хадмындаа цай ууж суулаа. П.Аюуш “Батсуурь аа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад нэг түрүүлж үзье л дээ” гэдэг юм. “Чи Ө.Чүлтэмсүрэн арсланг даваад ир” гэж хэллээ. Наадам миний бодсоноор болох шинжтэй. Гэтэл П.Аюуш Ө.Чүлтэмсүрэн арсланг давж, аргагүй л бид хоёр түрүү булаалдахаар шалгарч үлдлээ. Би өрөхдөө “За энэ золигийг чинь яадаг юм билээ” хэмээн эргэлзэж, “Бууж өгье дөө” гэж бодож зогстол яах ийхийн зуургүй ороод, намайг хаячихдаг юм байна. Туг тойрч яваад харвал Маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Үзүүр түрүүнд үлдсэн бөхөд бай шагнал өгсөнгүй, наадмын хаалт ч болсонгүй. Түрүү, үзүүрийн хоёр бөх наадмын орой болдог нам засгийн удирдагчдын хүндэтгэлийн цайллагад орсонгүй өнгөрөв. Маргааш нь ажилдаа иртэл Ж.Лхагвасүрэн жанжин дуудаж байна гэнэ. Их л ууртайгаар “Чи маршал дээр оч” гэлээ. Маршал дээр орлоо. Царай нь хүрлийчихсэн зогсч байна. “Чамд ах, дүүсээрээ хуйвалдаж, төрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ” гээд баахан загналаа. Цэргийн хүн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад “Ж.Лхагвасүрэн дээр оч” гэлээ. Генерал дэслэгч цолыг минь хурааж, ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншсан. Тэгээд “Очиж маршалд илтгэ” гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал “Арми, Ж.Лхагвасүрэн хоёр чамд хайртай юм байна, яв” гэлээ. Таньдаг нөхөд тааралдаад “Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн бөх гараагүй. Манай армиас төрөх нь гээд маршал ихэд бэлгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид ч бас цагаа тайлсан. Тэгэхэд чи бууж өгч байдаг, ёстой бөх хүний аз хийморьт муу юм боллоо” гэж зэмлэцгээв. Ингэж би улсад түрүүлэх аз хийморио гундаасан хүн дээ” хэмээн дурссан нь бий.

 

Дархан аварга Ш.Батсуурь улсын заан н.Гүржавтай барилдаж буй агшин. Цаад талд нь Б.Түвдэндорж аварга. Ардын хувьсгалын 31 жилийн ой. 1952 он.

Ш.Батсуурь 1951 оны ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн наадмын түрүү үзүүрт улсын арслан Ж.Цэвээнравдантай үлдсэн ч түрүүлж чадаагүй. Басхүү 1957 онд залуу арслан Д.Дамдинд унаж үзүүрлэж байв. Гэхдээ тэр жил баяр наадмыг зохион байгуулах комиссоос Монгол Улсын даян аварга цол олгосон. Үүнээс таван жилийн дараа, ардын хувьсгалын 41 жилийн ойн наадмаар зургаа давахад олон жил барилдсаныг нь үнэлж, Монгол бөхийн дээд цол хүртээсэн билээ.

1947 онд 9 давж түрүүлэн шууд улсын арслан цол хүртэв

1948 онд мөн 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ

1949 онд 8 давж үзүүрлэсэн

1951 онд 8 давж дөрөвт үлдсэн

1952 онд 6 давсан

1953 онд 8 давж үзүүрлэсэн

1954 онд 7 давсан

 1957 онд 8 давж үзүүрлэхэд даян аварга цол олгосон

1958 онд 5 давсан

1959 онд 5 давсан

1961 онд 6 давсан

1962 онд 6 давсан

1963 онд 6 давахад дархан аварга цол олгожээ

1964 онд 6 давсан

1966 онд 5 давжээ