"Монгол бөхийн түүхнээ Дуу гүний Вандан аварга хэмээн алдаршсан хуучин Сайн ноён хан аймгийн уугуул Галсанхүүгийн Вандан аварга арван засгийн наадмаас эхлээд ардын хувьсгалын ойн наадам, цэргийн наадам гээд улсын чанартай том наадамд 16 удаа түрүүлж алдар цуугаа өргөж явсан бөх юм. Г.Вандан аваргын тухай Монгол даяар бахдан байсан тэр үед "Бөхийн сайн нь Вандан аварга Эрийн сайн нь Мөррэнцэн аварга" хэмээн ярилцдаг байсан гэдэг. Г.Вандан аварга 70 гаруй настай байх үедээ "Дунд ус" гэдэг газар нутгийн хүмүүсийн хамт өртөөн дээр бүл бүлж байж дээ.
Нэг өдөр хязгаарын цэргийн залуу дарга өртөө улаа хэрэглэн тэдэн дээр иржээ. Залуу дарга нар өртөөний улаа хэрэглэх зар бичгээ үзүүлж хэдийд яаж явахаа ярилцаж суухдаа зарим нь аваргыг таньж :
- Өвгөн ахаа. Та чинь Луу гүний Вандан аварга гэдэг хүн мөн шив дээ. Таныг залуудаа их бяртай бөх байсан гэж ярьцгаах юм билээ. Та бидэнд залуугийнхаа тэр их бяр тэнхээнээс үзүүлээч гэцгээжээ. Өвгөн аварга тэднийг тойруулан харж инээмсэглэснээ :
- Одоо өвгөн ахых нь бяр харьсандаа хүүхдүүд минь гэснээ тулганы хажууд хэвтээ нойтон бургасыг шүүрч аваад аяган дээр гонзойлгон хүчлэн базахад бургасны шүүс аяганд дуслан байсан гэдэг. Нөгөө залуус өртөөнөөс улаа хэрэглэн цааш явахдаа өвгөн аваргын тухай өөр хоорондоо ярилцан "нойтон бургасны шүүс ч бараг аяндаа гойждог байлгүй" гэцгээн өөрсдөө базаж шалгахаар болжээ.
Тэгээд явах замдаа голын бургасны нэг бургас огтлон авч шүүсийг нь гоожуулах гэж зургуулаа ээлжлэн базаж, атгаад дуслыг ч гаргаж чадаагүйдээ баахан ичиж улаач залуудаа:
- Чи бидний энэ явдлын тухай өвгөнд битгий хэлээрэй хэмээн аминчхан захиж байсан гэдэг.
Ю.Санжаагончиг