Самдан Ганжууржавын.
Аварга. Баянхутаг сумнд 1899 онд төрсөн. 1947 онд нас барсан. Ард түмний дунд “ босоо” хэмээн алдаршсан. 1922 онд цэргийн (улсын) наадамд ес даван Лу гүний Г.Вандан заан (аварга)-д унаж үзүүрлэн улсын заан цол, 1924 онд цэргийн (улсын) наадамд 640 бөхөөс аравт Засагтханы
“Босоо” С.Шагдарт унаж үзүүрлэн улсын арслан цол, 1925 онд улсын наадамд 640
бөхөөс тавд Баянхонгорын А.Лувсан (улсын начин), зургаад Хөвсгөлийн З.Пүрэвцэрэн
(улсын начин), долоод уул тайлгын наадмын заан Архангайн С.Лундаажанцан (улсын арслан), наймд Лу гүний Г.Вандан арслан (аварга) нарыг давж, есөл гоц мөргөн, аравт “Буур” Н.Жамъян
(даян аварга)-ыг давж түрүүлэн улсын аварга цол авсан. 1995 онд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурлаас аварга цолыг нь албан ёсоор баталгаажуулсан. 1923 онд уул тайлгын наадамд гуравт дайчин жонон вангийн Дорж, дөрөвт Сэцэнханы С.Шарав.......... (улсын заан), тавд Түшээтханы дайчин вангийн Д.Даржаа начин, зургаад Түшээтханы сайд бэйлийн Д.Данзан начин (улсын
арслан)(Боохой), долоод дээрх шавийн (Булганы) Ц.Лувсандаш арслан нарыг давж үзүүрлэн, наймд Лу гүний Г.Вандан арслан (аварга)-д, 1938 онд улсын наадамд 39 насандаа зургаа давж Булганы Ш.Даш (улсын заан)-д унаж шөвгөрсөн. 1921 онд уул тайлгын наадамд хоёр даваад гуравт Түшээтханы Л.Самдан арсланд унасан. 1924 онд уул тайлгын наадамд Булганы “Шар”
Дондолд унасан алдаагаа засч тэр жилийн цэргийн наадамд түрүүлсэн байна. 1946 онд улсын наадамд 47 настайдаа хамгийн сүүлд уригдаж ирээд зүүний дагавар магнайд босч барилдан гуравт Хэнтийн Лутааг орхин, дөрөвт Дундговийн Б.Өвгөнд унажээ. Түүний хөшөөг бөхчүүдээс анхлан 1992 онд Баянхутаг сумын төвд босгосон. Хоёр дахь хөшөөг 2013 онд хэнтий аймгийн төвд босголоо. Г.Самдан аваргын бяр чадлыг илэрхийлсэн олон арван дурсамж, яриа ард түмний дунд домог болон мөнхөрсөн байдаг. Хэнтий аймаг Г.Самдан аваргын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдааныг 1964 оноос жил бүр уламжлал болгон тогтмол явуулж эхний байр эзэлсэн бөхчүүдэд аймгийн арслан, заан, начин цол олгодог болсон билээ. Г.Самдан аварга аймгийнхаа наадамд 7-н удаа түрүүлж, 3-н удаа үзүүрлэсэн. Хөдөө орон нутгийн
наадамд 24 удаа түрүүлсэн гэдэг. Г.Самдан аваргыг хавар гэрээсээ гараад өмссөн дээлээ гандтал, унасан морио гундтал наадамчлаад намар гэртээ ирдэг хүн байсан гэдэг яриа ч бий. Өмнөдэлгэр сумын нутагт болсон нэгэн наадамд “Бөхөөний төмс” начинд унаж үзүүрлэсэнээс хойш гэрээс гарахаа больсон агаад жил бүр начин намайг гэрт минь оруулсан ачтай хүн хэмээн хадагтай ирж золгодог болсон байна. Г.Самдан аваргын их хүчтэй байсныг түүхэнд тэмдэглэн үлдээснээс заримыг дурсъя. Үүнд: 1913 оны усан үхэр жил 14 настай Самдан хүү жинчидийг даган эрээн цав явах замдаа буудаллаад байх үед нь галзуу чоно дайран ирэхэд нь Самдан чихдэж аваад газар савж алсан аж. Жинчид очих газараа хүрээд мэрэгч ламд үзүүлсэнд “гай нүүрэлсэн байна хийдэд өргөл өрөг” гэжээ. Самдан хятад пүүснээс өргөл юмаа авахаар очиход хятадууд олс дээс барин шуугилдаж байв гэнэ. Тэнд нэг луус чичирч байхаар нь шууд очоод барьж аваад мушгаад унагаж
толгой дээр нь гараад авах үед хятадууд олсоор хүлэн авчээ. Үүнийг харж байсан данжаад чи яасан их хүчтэй хүү ва гээд дэлгүүртээ дагуулж ороод юу авах вэ? Гэхээр нь хийдэд хурал хуруулах бараа авна гэж. Данжаад хунз цай, шуудай цагаан будаа өгөөд үүнийг ганцаараа авч явбал үнэ авахгүй гэжээ. Самдан бүсээрээ баглаад үүрээд явахаар нь данжаад толгой сэгсэрч
байсан гэдэг. 1914 оны модон бар жил хошууны жинчид Өвөрмонголын Жанчхүү хот ороход 15 настай Самдан цуг явжээ. Жинчид шилийн голын чуулганы зүүн сөнөдөөр дайрч өнгөрдөн байж Жанчхүүгийн давааг уруудахад тэмээн тэрэг замын хажууруу орохоор нь татаад гаргажээ. Очих
газараа хүрээд буцах үед тэмээнүүд нь тарианд орж хэрэг мандаж үнэгүй ажил хийж өрөө дарах болж гэнэ. Хэдэн зуун шуудай гурил хураах 10 хоног хийх ажлыг Самдан маш их хүч чадал гарган ажилллаж 3 хоногт багтаан дуусгаж өрөө дараад буцажээ. Тэд замдаа Сөнөдийн наадамд Самдангаа түрүүлүүлэн даагаар шагнуулжээ. Жингийн ахлагч хүний нутагт түрүүлэх
сайхан ч хэл ам, хараал ерөөл гэж айхтар юм байдаг Гэгээнд бараалхаж даагаа өргөж зам мөрөө даатгаарай гэж тэд ёсоор болгов. 1915 оны зун Жанчхүү хот жин тээхээр явахдаа зүүн Сөнөдийн наадам таарч Самдан 16 настай барилдаж ноёны бөх Содномваанчигийг дотуур дэгээ ороон эргэж
өвдөг шороодуулан түрүүлжээ. Мөн жингийн ахлагч юмыг яаж мэдэхэв Бандид гэгээнд бараалхаж бай шагналаа барьж аян замаа даатга гэсний дагуу даатгуулжээ. 1916 онд Өндөрхаан уулын тахилгын наадамд 120 бөхөөс шөвгийн дөрөвт үлдэж, үүнээс хойш нутаг усны наадамд үзүүр, түрүү авдаг болоод 1919 онд хүрээнд ирж уул тайлгын наадамд Сампилдэндэв хэмээх бөхөөр, 1920 онд Түшээтханы Дэндэв заанд тус тус нэгийн даваанд унасан ч огт шантарсангүй 1922 онд үзүүрлэн Улсын заан цол авсан. 1923 онд уул тайлгын наадамд Лу гүний Г.Вандан аваргыг давхар хамж дайран хаяж түрүүлсэн боловч “Богдын дархалсан бөхийг хаялаа” хэмээн хөлийн
цэцээс Самданг унасанд тооцож Г.Ванданг түрүүлүүлжээ. Г.Самдан ийнхүүү түрүүлсэн атлаа үзүүрэлсэндээ харамсан сэтгэл машид гонсгор нутаг буцаж ирсэн гэдэг. Г.Самдан аварга тэр үеийн бөхчүүдээс намхан харагдах боловч 190 см өндөр, 120 кг орчим жинтэй, зузаан дөрвөлжин цээжтэй, улаан хүрэн царайтай, хурдтай, даацтай мэхтэй бөх байжээ.