Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Уялганы голд 1918 онд малчин ард Жамсрангийн ууган хүү болон мэндэлсэн Цэвээнравдан үндэсний бөхийн ирээдүйн аварга болох хувьтай байв.
Ж.Цэвээнравдан аварга анх 1943 онд 25 насандаа Ардын төрийн наадамд 512 бөхөөс 7 давж заан цол хүртсэн. 1945 онд 512 бөхөөс 8 давж Бадамдоригийн Түвдэндорж аваргад унаж үзүүрлэн арслан цол хүртэж байсан бол 1951 оны 30 жилийн ойн баяр наадамд 1024 бөхөөс Б.Түвдэндорж аваргаар 10 давж улсын аварга цолыг хүртсэн түүхт их аварга юм.
Наадамд зодоглохоор гарах гэж буй бөхчүүдийн дунд Ж.Цэвээнравдан аварга олон хүрэн тэмээн дунд буй ширээ цагаан ат шиг харагддаг байсан тийм өндөр гуалиг нуруутай, өв тэгш биетэй, сүрлэг сайхан бөх байжээ. улам нэмэх, бат хүчит, хурдан гарамгай, үнэн хүчит, хурц шаламгай, шалгарсан хүчит, харилтгүй хүчит, улам баясуулагч, улсын аварга чимэг, цолыг хүртсэн аж.
Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан, хүнд хүчир ажил хийж, үеийн нөхөдтэйгээ ноцолдож өсчээ. Цэвээнравдан бусдаас ялгарах онцлог байгаагүй байсан ба 19 насандаа анх Уялганы голын овооны наадамд зодоглоход хүмүүс тоохгүй байсан хэдий ч нутгийн сайн бөх гозгор З.Гонгор заантай үзүүр түрүүнд үлдэж үзүүрлэжээ. Үүний дараахан Хан уулын овоо тахих наадамд мөн л гозгор заантай үлдэж түрүүлсэн нь түүнийг цаашид барилдах их урам хайрлажээ. Мөн онд Булган аймгийн Тэшиг сумын наадамд очиж барилдан шөвгийн дөрөвт улсын начин Аюушийг хаяж нутгийн хашир бөх Нүгнийжавт амархан унаж үзүүрлэжээ. Бөх болох ирээдүйтэй хүү Ж.Цэвээнравдан 1938 оны зун цэргийн албанд морджээ. Цэргийн албыг Байшинтад хааж эхэлсэн ба энэ үедээ бие нь муудаж Улаанбаатарт иржээ.
Улсын наадам үзээд буцсан Ж.Цэвээнравдан 20, 21, 22 насандаа улсад барилдаагүй ба энэ үедээ их амжилтаа алдсан мэт. 1941 оны эхээр голын цэнгэлдэх хүрээлэн нээгдэж барилдаан болох сургаар цэрэг Ж.Цэвээнравдан яваад очиж. Гэтэл чөлөөний хуудасгүй цэрэг эргүүлийн ахмадад баригдаж яах гэж явна гэхэд барилдах гэж явна гэж хэлээд бөхөд хорхойтой ахмадын буянаар аврагдаж барилдахаар болсон байна. Тэгээд тэр барилдаанд улсын заан Санжсүрэнтэй үлдэж үзүүрлэжээ. Үүнийг харсан ахмад чамайг улсад барилдуулна бэлтгэл хий гэж хэлжээ.
Энэ барилдах боломж олгосон ахмад бол улсын комендантын дарга улсын заан Содном байсан ба энэ хүний ачаар Ардын хувьсгалын 20 жилийн ойд барилдах болов. Энэ наадамд 4 давжээ. 1942 онд 3 давж 1943 оны наадамд шөвгийн дөрөвт Д.Лувсанжамц арслан, Ц.Содов заан, А.Моломжамц нарын хамт үлдээд Содовт унаж заан цол хүртжээ. Үүнээс хойш Цэвээнравдан их сайн барилдаж 1944, 1946, 1950 онуудад дунд шөвөгт, 1947-1949 онуудад их шөвөгт тус тус үлдэж, 1945 онд үзүүрлэжээ. 1951 онд бяр хүч нь тэгширч баруун гар нь өвчтэй байсан авч тоолгүй 3-н аваргыг ардаа орхин түрүүлжээ. Ингээд Монгол Улсын аварга цолыг хүртсэн байна. Ж.Цэвээнравдан аварга бяр хүч нь яг жагсаж байх үедээ үнэхээр сайхан биетэй сайхан бөх байсан гэдэг.
Аваргыг хаяж аварга болно. Ж.Цэвээнравдан үзүүр түрүүний барилдаанд Б.Түвдэндорж аваргаар 10 давж түрүүлж буй агшин.