Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Улсын арслан Өлзийтийн Чүлтэмсүрэн гэж хэн байв?

Хөвсгөл аймгийнхаа наадамд зодоглож, тухайн үед шилдэг сайн бөхтэйгөөрөө улсдаа тэргүүлэн, хошуучлаж байсан аймгийнхаа наадамд гурвантаа түрүүлж, мөн гурван удаа үзүүрлэж гялалзаж явсан нь бахархалтай. Нэг. АРВАН ЗУРГААХАН НАСАНДАА “АЙМГИЙН НАЧИН “ЦОЛ ХҮРТЖЭЭ Улсын арслан Өлзийтийн Чүлтэмсүрэн 1915 оны модон Туулай жил Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу,одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг ”Баян улааны хормой” гэдэг газар мэндэлжээ. Ө.Чүлтэмсүрэн бага балчир насандаа ээжээсээ өнчирчээ. Дэлгэр Мөрний хүрээнд суудаг байсан аав Гүржав, ах Шаравжамцын хамт амьдардаг болжээ. Арслангийн аав Гүржав нь хүрээнд шавилан сууж байгаад хөдөө гарч хар болон эгэл боргилоор амьдрах болжээ. Ханиасаа хагацсан Гүржав өнчирсөн таван хүүхдээ тэжээн хүрээ, хөдөө хоёрыг хослон амьдрах болсон. Тэрээр том биетэй, янхигар өргөн цээжтэй, ясархаг хүн байсан учраас түүнийг нутгийнхан нь”Донхор” хэмээн авгайлан дууддаг байжээ. Түүний том хүү Дүгэр айл гэр болж өрх тусгаарласан буюу удаах хүү Гэндэнжамц “Амарбаясгалан” хийдэд шавилж, гурав дахь хүү Намсрай нь (Тэрээр уртын дуу сайхан дуулж, хөөмийлдөг байсан учир түүнийг “Лимбэн хоолойт” гэдэг байжээ)жинчин дагаж яваад хотод амьдрах болсон. Ө.Чүлтэмсүрэн багадаа гүзээний хужирхай шиг шар хүүхэд байсан учраас нутгийн хөгшчүүл өхөөрдөн “Хужгар” хэмээн дуудах болсон нь хожим нь Халх даяараа “Хужаа арслан” гэж алдарших болсон түүхтэй. Мөн Гүржавын хүүхдүүд хэлмэгдүүлэлт эхэлсэнтэй холбоотойгоор эцэг нь хүрээний том лам байсны учир ааваараа овоглохоос цэрвэж, нөгөөтэйгүүр эцгийн нэрийг байнга хэлэх цээртэйгээс зайлсхийж, өөрийн ээж Өлзийт гэдэг хүнээр овоглосон түүхтэй. Ө.Чүлтэмсүрэн хүрээнд сууж байсан бага наснаасаа эхлэн, үеийн нөхөдтэйгөө дээлээ ханзартал ноцолддог, нэлээдгүй дүрсгүй хүүхэд байсан гэдэг. Тэгээд ч 12-13 насанд хүрмэгцээ Ө.Чүлтэмсүрэн нь ах Шаравжамц “Хожим нь улсын начин болсон”-ахыгаа дагаж овоо, хийд сахиусны тахилга, наадмуудад барилдаж эхэлсэн бөгөөд ус нутгийн ахмад бөх болох “Годон” хэмээх Дампил “Дурайн” хэмээх Д.Дагва арслан нар түүнийг ихэд тоож, хараа хяналтдаа авч бөхийн барилдаанаас зааж зөвлөж байсан гэдэг. Хөвсгөл аймгийн 1928 оны наадамд 68 настай Дампил арслан хөлийн цэц, шүүгчээр сууж байхдаа 16-хан настай Ө.Чүлтэмсүрэнг нэг даваад зуушаа аваад буцахад нь дэргэдээ ирүүлэн, зоо нурууг нь хэд илж үзснээ “Энэ тагжгар шар банди уу? Манай улсын нэртэй бөх болно” гэж хэлж байсан гэдэг. Энэ наадамд Ө.Чүлтэмсүрэн тав давж “Арван зургаахан настайдаа аймгийн начин” цол хүртэн, их бөхийн гараагаа эхэлжээ. Хоёр. ХОРИН ДӨРӨВТЭЙДӨӨ “УЛСЫН НАЧИН” БОЛОВ Ө.Чүлтэмсүрэн 16-24 нас хүртлээ орон нутагтаа л тоосоо өргөж, өсөж, өндийж байгаад Улс хувьсгалын 15 жилийн ойн их баяр наадамд анх удаа зодоглож хүчит 1024 бөхийн тоонд, умбаж торолгүй тав давж “Улсын начин “хэмээх эрхэм сайхан цол хүртсэн байна. Тэрээр 1938 онд мөн тав, 1941 онд зургаа давсан бол 1943 онд барилдсан 360 хүчтний дотроос босоогоороо үлдэн түрүүлж улсын арслан цол хүртжээ. Энэ наадамд харьцангуй цөөн” 1921 онд 96, 1955 онд 256 бөх барилдсан нь хамгийн цөөнд ордог ч хоёр аварга “Н.Жамьян, Б.Түвдэндорж”, гурван арслан “ Ц.Банди, Т.Балсан, У.Дамчаа”, Зургаан заан “Д.Махшир, Ц.Содов, Д.Лувсанжамц, Ш.Санжсүрэн, Д.Очир нар бас улсын 12 начин оролцсон нэлээд чансаатай наадам байжээ. Энэ наадамд заан цолтой барилдаж байсан Ш.Санжсүрэн, мөн ондоо үзүүрлэн Д.Лувсанжамц дараа жил нь түрүүлсэн. Ц.Содов мөн дараа жил нь тус тус улсын арслан цол хүртэцгээсэн байдаг. Ө.Чүлтэмсүрэн арслан 1943 онд тав, 1944 онд долоо даван тус тус бага их шөвөгт шалгаран үлдсэн бол 1945 онд дөрөв даваад, тавын даваанд Төв аймгийн харьяат Ж.Төмөртогтоход өвдөг шороодсон нь улсынхаа наадамд зодоглосон долоо дахь жил дээрээ анх удаа шөвгөрч чадаагүй. Дараа жил нь буюу хувьсгалын түүхт 25 жилийн ойн их баяр наадамд 1024 хүчтэн зодоглоход Ө.Чүлтэмсүрэн гурвын даваанд ерөнхий сургуулийн Б.Чадраабалыг, дөрвийн даваанд Булган аймгийн харьяат Ш.Давааг, тавын даваанд 9-р хорооны Жадамбыг, зургаагийн даваанд Булган аймгийн харьяат цэргийн биеийн тамирийн Раднааг, долоогийн даваанд 1928 оны улсын заан, Сэлэнгэ аймгийн харьяат Д.Гомбодагва зааныг тус тус давж их шөвөгт үлдсэн байдаг. Энэ наадмын наймын даваанд Ө.Чүлтэмсүрэн Өвөрхангай аймгийн харьяат “Дэрэнбор” хэмээх С.Самданжигмэдийг амлан авч барилдаад 1947 оны улсын наадамд дөрөв даваад тавын даваанд Архангай аймгийн харьяат, Хязгаарын цэргийн бөх Ж.Хөхөөг амлан авч барилдаад тус тус өвдөг шороодсон. Гурав. УЛСЫН “АВАРГА” ЦОЛ АВСАН ЖИЛ 1950 онд 36 настай Ө.Чүлтэмсүрэн арслан үзүүрлэж улсын аварга цол авсан боловч он цагийн эргэлтийн улмаас болон бусад үл мэдэгдэх шалтгаанаар энэхүү улсын аварга цол нь манай бөхийн түүхнээ үлдэж хоцроогүй билээ. Харин түүний хоёр охины нэг Монгол хэл, уран зохиолын багш Ч.Уранбилэгийн Бөх сонины 1997 оны 9, 10 дугаарт нийтлүүлсэн “Аавын минь нэр мөнх дурсагдана” дурсамжид “1950 онд улс хувьсгалын 29 жилийн ойгоор үзүүрлэж улсын аварга цол” олгосон гэсэн үнэмлэх нь надад хадгалагдаж байдаг юм. Миний аав угаас нэр төр мөнгө, хөрөнгөд дургүй, шуналын сэтгэлгүй, эгэл хүн байсан учраас амьд сэрүүндээ “Аварга” цолоо сэргээлгэх гэж хөөцөлдөөгүй. Тэгээд ч аварга цол авсныхаа дараа жил нь, нэг хурдан азарга нь үхчихсэн юм гэнэ лээ. Тэгэхээр нь “аварга” цол хүнддэх юм байна. Тэр ч байтугай үхэх гэж байгаа байх гээд Хөвсгөл рүү нүүж тэндээ найман жил болж. Энэ хугацаанд улсад барилдаагүй учир, аварга ч гэж дуудагдаагүй, эргээд иртэл нь бяр хүч нь харьчихсан байсан. Ингээд л “Улсын арслан” цолтойгоо байсаар өндөрлөсөн. Үнэнийг хэлэхэд Ө.Чүлтэмсүрэнгийн амжилтыг нь харсан ч яах аргагүй л “аварга” цолтой баймаар алдар цуутай бөх билээ. Тэрээр 1950 онд гурвын даваанд офицерын сургуулийн Бавуудоржийг, дөрвийн даваанд хязгаарын газрын Шоонронг, тавын даваанд циркийн Бадарчийг, зургаагийн даваанд улсын начин Ж.Нанзадоржийг, долоогийн даваанд Архангайн Ц.Лхагва начинг, наймын даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдан тус тус даваад Ц.Чимэд–Очир аваргад унаж үзүүрлэсэн байна. Дөрөв. УЛСЫН НААДАМД ЗОДОГЛООГҮЙ ЗУРГААН ЖИЛ Улс хувьсгалын түүхт 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн 1951 оны наадамд 1024 хүчтэн зодоглоход Ө.Чүртэмсүрэн “Аварга” нэг даваад хоёрын даваанд тусгай хорооны залуу бөх Галтай гэгчид өвдөг шороодсон нь түүний охин Ч.Уранбилэгийн дурссантай, бөхийн түүхийг сөхөж үзвэл яг тохирч байна. Тэгээд ч Ө.Чүлтэмсүрэн 1952-1957 оны зургаан удаагийн улсынхаа их баяр наадамд барилдаагүй Хөвсгөл аймгийнхаа наадамд зодоглож, тухайн үед шилдэг сайн бөхтэйгөөрөө улсдаа тэргүүлэн, хошуучлаж байсан аймгийнхаа наадамд гурвантаа түрүүлж, мөн гурван удаа үзүүрлэж гялалзаж явсан нь бахархалтай. Тэр үед Хөвсгөлд ид сайн барилдаж байсан олон бөхчүүд байсан учраас тэдэнтэйгээ хүчээ үзмээр санагдаад хоргодож байсан ч юм билүү. Ийнхүү Ө.Чүлтэмсүрэн нь их завсарлага авсныхаа дараа буюу нас 46 хүрсэн хойноо улсын наадамд ирж, барилдаад зургаа давж, 47 настайдаа тав давж байсан нь түүний хэр зэрэг ясны, чансаатай бөх болохын яруу тод, баталгаа бөгөөд дээрх зургаа жилд улсдаа барилдаж байсан бол хэдэн ч удаагийн шөвгө, үзүүр, түрүү авсан байхыг үгүйсгэх арга үгүй байжээ. Ямар ч гэсэн түүний улсдаа шөвгөрсөн тоо нь улсын арслангууд дотроосоо барилдаанд үзүүрлэсэн тоогоороо толгой цохьдог Өөрөө ч хийдэд сууж байсан хувраг хүн байсан болохоор 1951 оны явдлаасаа баахан сэжиглэж. Сүсэг бишрэлийнхээ хүчинд автан нутаг орноо зүглэн улсын наадмынхаа зүлэг ногоон дэвжээг арга буюу олон жил орхиход хүрсэн нь түүний барилдааны амжилтад муугаар нөлөөлсөн билээ. Тэрээр зургаан жилд зургууланд нь шөвгөрсөн бол У.Мижиддоржоос шөвгөрсөн тоогоороо нэгээр илүү, таван удаа шөвгөрсөн бол яг ижил, дөрөвт нь шөвгөрсөн бол зөвхөн У.Мижиддоржийн дараахь хоёр дахь хүн нь болох байсан хэмээн бөх судлаачид үздэг юм билээ. Ийнхүү Ө.Чүлтэмсүрэн арслан улсынхаа их баяр наадамд 52 настайдаа 18 дахь удаагаа зодоглоод торолгүй дөрөв даваад өөрөөсөө 10 насаар дүү, ид залуудаа олон удаа хаяж байсан дархан аварга Ш.Батсуурьт амлуулан барилдаж өвдөг шороодсноор зодог тайлжээ.