Улсынхаа их баяр цэнгэл наадамд 7 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэн олон түмнээ баясган цэнгүүлж ирсэн харьшгүй хүчит бөх, ардын хувьсгалын анхны дархан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер Бадамдоригийн Түвдэндорж гуайгаа мэндэлсний нь 100 жилийн ойн босгон дээр бөхөд хайртай монгол хүн бүр дурсан хүндэтгэж байна.
Энэ дурсгалт сайхан цаг мөчид Сайхан сумын харьяат аймгийн хурц арслан Пүрэвийн Нямсүрэн домог болсон хүчтэн дархан аварга Түвдэндорж гуайн тухай өгүүлснийг манай сонины редакц уншигч танаа толилуулж байна.
Мөс жудагт, энгүй хүчит ДАРХАН АВАРГА
1939 он шүү дээ, Халхын голын дайны цаг. Цэргийн алба хааж байхдаа Түвдэндорж аварга цолгүй бөх Улсын баяр наадамд анх түрүүлсэн юм билээ. Цэрэгт татагдаад жил тойрч байсан юм болов уу, цэргийн албан хаагч л байсан гэдэг. Булган аймгийн Сайхан сумын хүн дээ, Дэмбэрэлийн Чунаг гуайн яриаг би чихээрээ сонсож хоцорсон юм. Хэдэн цэрэг бүгд морьтой, өндөр Чунаг, Түвдэндорж, өөр хоёр хүн, зургуулаа ч гэж хэлсэн шиг санагдаад байна, дундаа нэг даавуун асартай Хужирбулан юм уу, Уу булан хавьд наадмын бэлтгэлд гарчээ.
Түвдэндорж аваргаас өөрийгөө өлгүүхэн өндөр ч болов уу гэж Чунаг гуай хэлдэг байлаа. Барилдаж ноцолддог, том бие хаатай бидний хэдэн цэрэг наадамд барилдах тушаал аваад (даргынхаа нэрийг хэлж л байсан одоо мартжээ) бэлтгэлд гарсан юм. Хэдэн хонь, ямаатай хоёр гурван айл биднээс холгүй зусч байлаа.
Нэг гэрийн эзэн өвгөн бидэнд:
-За хүүхээд та нар сайхан эрчүүд, наадмаар барилдаж хүч тэнхээгээ үзэх биз, сайн барилдах хүн та нарын дотор бий л байх, эр улсын жинхэнэ харшааг гаргадаг юм бол хонь, ямааны тараг даа. Хонь, ямааны таргийг үдийн халуунд идээд унтахад тодорхой хугацаанд хамаг биеийн хөлс урсаад ирнэ, дуудахад бараг сэрэхээргүй бөх унтана, тэр нойрондоо автаж болохгүй, бүх биеийнх нь хөлс асгараад ирэхээр сэрээж босгоод бай, гурав хоног тийм янзаар хонь, ямааны тараг идэхээр хамаг биеийн харшаа арилна гэлээ. Хуучны хүн, энэ өвгөн нэг учиртай юм хэлээд байна гэж хэдүүл ярилцан яадгийг үзэхээр шийдээд, бид дөрвийн дотор арай татуухан нэгэндээ өнөөх өвгөний хэлснээр хонь, ямааны тараг өгч унтуулж, сэрээгээд гурав хонотол өвгөний хэлсэн ёсоор боллоо. Тэгэхээр нь хэдүүлээ хоёр хоёроороо ээлжлэн цуварч тараг идэж унтаад усан хулгана болтлоо хөлрөөд ирэхээр сэрээгээд л гурав хонотол бие хөнгөрч тамир тэнхээ илт нэмэгдээд ирсэн. Ингэж тараг идсэнээс хойш Түвдэнгийн бяр хүч амтагдаж, бие нь хөнгөрч сэвэлзээд бид хэдийг ёстой гарын үзүүрээр баруун солгойгүй хаях болсон юм. Бяртай хүний тэнхээ ордог юм чинь хонь ямааны тараг юм билээ. Энэ бол өндөр Чунаг гуайн бодит яриа. Чунаг гуай бас их хурдалж гүйхэд шөрмөс тэнийж, булчин мах чинэрдэг барьдаг нь байхгүй болж, ядаргаа бөглөө арилдаг гэж нэмж ярьсан.
Дэмбэрэлийн Чунаг гуай нэг даваад, хоёрын даваанд унасан, нөгөө хоёр нь ч хэд давлаа гэдэг билээ дээ. Бэлтгэлийг өдөрт гурван удаа хийдэг байж. Өглөөгүүр гүйж хөдлөх, амьсгалаа задлах бэлтгэл хийгээд, жин үдээр жинхэнэ бэлтгэлээ хийдэг, оройн сэрүүнд чийг унахаас өмнө гурав дахь бэлтгэлдээ гардаг байжээ. Хуучны улс бэрх шүү, Чунаг гуай нэг онцгой зүйл ярьдаг байсан. Ямар ч өлчир тэнхээтэй хүний биед халгаатай, тамир тэнхээ сулруулдаг зүйл бол оройн хар чийг юм шүү гэдэг байлаа. Оройн хар чийгнээс л биеэ айхавтар энхрийлж байгууштай шүү. Тэр хэдэн цэрэгт мэдэгдсэн юм байгаа биз, цаад гурав нь хуйвалдаж байгаад Түвдэнгээ хар чийгэнд цохиулсан байгаа юм. Маргааш нь барилдахад өнөөх дийлдэхгүй байсан Түвдэнгээ гурвуулаа хаяж байлаа шүү гэж Чунаг гуай ярьдаг байлаа.
Оройн хар чийг осолтой. Би биеэрээ үзсэн хүн. Булган аймгийн бүх сумын дунд тэмцээн болсон. Хутаг-Өндөрт болсон тэр барилдаанд барилдахын урд орой гэнэдэж дан цамцтай сууж байж хар чийгэнд цохиулчихсан юм. Тэр шөнө бие хямарч эвгүй болж хоноод маргааш нь онь даваанд унасан. Хөлс гарсан хойно л сая бие тавигдаж хар чийгний гэм арилж байлаа. Дайчин вангийн хошууны Эрэнпайдан гэгч бөх хүнд халгаатай ийм ийм зүйлийг их анхаарч сануулж байсан гэдэг. Дээр үеэс уламжилж ирсэн бөх хүний баримталж явах ёстой хэд хэдэн онцгой зүйл байдаг. Хүний харьцааны чухал ёс заншлыг монгол бөхчүүд л хагас дутуу ч болов өвлөж ирлээ. Ахмад настай, хүндэтгэвэл зохих, цол гуншин дээгүүр хүмүүсээ хүндэлдэг эрэмбэ ёс заншил монгол бөхөд л үлдэж дээ. Бөх хүн уужуу тайвуу сэтгэлтэй, хүлээцтэй намбалаг төвшин, олон түмэнд их тусч, илүү дутуу хэл яриагүй, агсан согтуу тавьдаггүй, хүнд гар хүрдэггүй зан заншил бүр эртнийх юм. Өндөр цолтой бөхчүүд байгаа найр наадам дээр хэрүүл зодоон гардаггүй, сайхан болж өрнөдөг. Үүнээс уламжлаад бөх хүнийг айл гэртээ оруулахдаа дуртай, гэрийн жавар үргээнэ гэж бэлэгшээдэг. Нэг айл ингэж үзэж байгаа юм чинь төр засаг ч ялгаагүй энэ бүхнээ дээдлэх нь онцгой чухал юм. Бөх хүн бол ард түмэн, төр нийгмийг холбогч гагнаас, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэх зан заншлаа хадгалж явдаг улс. Булганы дээхнэ үеийн ахмадууд бөхийн ёс жудгийг ихэд эрхэмлэн ярьдаг байлаа. Булган аймгийн Хангал сумын хулгар Нацаг хэмээх Даншигийн арслан байсан, алдартай бөх, монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн хүн. Цагтаа сайн эр явсан Нацаг арслан том том наадамд барилдаад хэд хэдэн ч удаа түрүүлэх боломжтой байж. Нэг наадамд барилдаж байхад нь настай ахмад хүн ч юм уу, бөх ч юм уу нэг хүн арслаан энэ наадамд та л түрүүлэх нь дээ гэхэд хулгар Нацаг гуай өөдөөс нь: -“Ээ, төрийн минь сүлд өршөө. Төрийн минь сүлд сэвтчихвэл яана. Би нэг эвгүй юманд нэр холбогдсон хүн, тийм учраас төрийнхөө том наадамд түрүүлж болохгүй. Ээ, төрийн минь сүлд өршөө” гэсэн гэдэг. Манай Түвдэн аварга ёс жудгийг эрхэмлэдэг, олны хайрыг даадаг, төвшин сайхан эр хүн байлаа шүү дээ. Тавь, жараад онд Улаанбаатар хотод улаан Ява мотоцикл унасан хоёрхон хүн л олны дотор содон харагддаг байлаа. Нэг нь Түвдэн аварга, нөгөө нь Их дэлгүүрийн том толгойт хэмээх хүн. Түвдэн аваргыг гудмаар улаан Яватайгаа явахад суугаа нь босож, морьтой нь бууж хүндэтгэн өнгөрөөдөг байсан юм. Монгол түмэн алдар цуутай бөхөө хүндэтгэдэг нь энэ. Дээр үеийн олон сайхан ёс заншил байлаа. Хоёр бөх барилдаад унахдаа жаахан будилаан гарах юм бол бага цолтой нь та давсан, та мөргө, мөргө гээд тахимаа өгдөг байсан юм. Барилдахдаа хүч чадлаа гарган ач тач үзэлцэх хэрнээ, хүний ёс, мөс жудгаа огт умартдаггүй байсан юм. Би л лав Түвдэн аваргыг улсын баяр наадамд ч юм уу, том, бага аливаа барилдаанд нэг тийм эргэлзсэн, дахин барилдана гэдэг ч юм уу эвгүй зан гаргаж байхыг үзэж, дуулаагүй юм. Хүмүүс ч үүнийг батална. Бөх хүний ариун тунгалаг ёс дэглэм гэдэг энэ. Одоо ч манай бөхчүүд дотор ийм жудагтай хосгүй сайхан эрчүүд байна л даа. Жишээлбэл, улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам бид нэг үеийн нас шүд ойролцоо улс. Их ч гавшгай шалмаг хурдан барилдана, Сосорбарамыг барилдаад маргаан зөрөлдөөн гаргаж, хэл ам энээ тэрээ болж байхыг би ерөөс үзээгүй. Сосорбарам харин ч эрийн жудаг гаргаж байсан баримтыг мэдэх юм. 1961 оны Улсын их баяр наадмаар Дамдинсүрэнгийн Барамсай зургаа давж улсын заан болсон хүн. Зургаагийн даваанд Сосорбарамтай барилдаад унахдаа тохойгоо эвгүй болгочихсон юм. Барамсай нулимс гаргасан л даа, бэртсэн хүн арга байжив. Сосорбарам хаясан атлаа хүн бэртээчихлээ гэж гэмшсэн биз, тахимаа өгөөд Барамсай заан болж байлаа. Үүнийг бөхийн жудгийн дээд илрэл гэхээс өөр юуг нэрлэх билээ дээ. Сосорбарам ийм жудагтай, саруулхан сайхан ухаантай бөх шүү дээ. Манай Булганы Ишдоржийн Доржсамбуу байна даа, монголчууд Доржсамбуу гарьдын мөс жудгийг ихэд бахдаж, бөх бүхэн ийм байгаасай гэж хүсэмжилдэг юм. Доржсамбуу их, бага ямар ч наадамд наана цаана болж хэл ам гаргаж байсан удаагүй. Доржсамбуу ид сайн барилдаж, их дээгүүр цолонд хүрэх бололцоотой байх он жилүүддээ нутгийнхаа залуу Цогтжаргал, Энхбат, анд нөхөр Мандахыгаа улсын цолонд хүргэж, Азжаргал арсланг зааны даваанд нь авч байсныг хүмүүс андахгүй.
Өнөөгийн бөхчүүдээс гайхамшигт мөс жудагтай бөх гэвэл аваргаас Бат-Эрдэнийг, арслангаас Сосорбарамыг, гарьдаас Доржсамбууг хэлмээр байна. Саяхан болж өнгөрсөн Үндэсний бахархлын өдрийн үндэсний бөхийн барилдаанд 4-т үлдсэн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат улсын арслан Пүрэвдагватай барилдаад цуг унах шиг болсон, засуулууд нь хөлийн цэц рүү явсан. Сайн ажиглавал, Пүрэвдагва арслангийн өвдөг түрүүлж газар хүрэх шиг болсон. Энхбат начин Пүрэвдагва арсланд шууд тахимаа өгсөн. Энэ бол ахмад цолтноо хүндэтгэхийн үлгэр үзүүлж буй жишээ юм. Нөгөө талаар Үндэснийхээ бахархлын өдөрт ийм тийм яриа хэл гаргахгүй байхыг хичээж эртний ёс заншлаа баримталдаг ёс жудгийн явдлыг харуулж байна даа гэж би бодож суусан шүү.
Бадамдоригийн Түвдэндорж аваргын 60 насны ойг 1976 онд Спортын төв ордонд хийж, аймаг болгоноос бөхчүүд ирж барилдсан юм. Түвдэн аварга бөхийн өмсгөлөө бүрэн өмсөж, малгайгаа тэгш сайхан тавиад, нүүрэндээ инээмсэглэл тодруулан зүүний магнайгаа тэргүүлэн гарч, түмэн олноо баясган залуугийн янзаараа дөлгөөн сайхан дэвж гарсан юм. Тэгээд харжээ байхад, 60 настай өвгөн дархан аварга маань нуруу чац, галбир төрхөөрөө тэр үед ид барилдаж байсан Баянмөнх аваргаас хаа хаагуураа давилуун харагдаж байсан шүү. Энэ нь миний л бодол, нэг нутгийн хүн болоод өөриймсөг санагдсан биз, гэхдээ хол алдаагүй болов уу гэж бодож байна. Түвдэн аварга маань ёслол гүйцээж эргэж суудалдаа тухлаад, бөхчүүд барилдахад Дашинчилэн сумын уугуул тэр үедээ улсын начин цолтой байсан Дэндэвийн Амгаа заан түрүүлж, Баянмөнх аварга үзүүрлэсэн юм.
Орой нь Түвдэн аварга нэлээд хэдэн зодог шуудаг хийж авчирснаа ёс төдий үнээр зарж билээ. Бөхчүүд аваргынхаа хийсэн зодог шуудгийг ихэд бэлэгшээн авч байлаа. Түүнийг нь үзэж суусан олонх хүн “за болж дээ” монгол бөхийн домогт дархан аварга маань өөрийн гараар зодог шуудаг хийж авчирсан байна, олон дархан аварга төрөх болтугай гэцгээн бэлэгшээж байсан. Би ч тэгж бодсон хүний нэг. Бэлгэдлийг бодсон алсын ухаантай хүний зөв ажил байсан гэж боддог.
Дархан аварга маань жудагтай сайхан бөх, хийморьтой сайхан эр хүн байсан даа. Түвдэндорж аварга нас хэвийсэн хойноо ч хаяя гэвэл барагтай л бол хаячихдаг, шууных нь бяр алдарч хариагүй бөх явлаа. Булган аймгийн Сайхан сумын хүн дээ, улсын начин Дамдинжамцын Жадамбаа гэж хүн бий.
Тэр Жадамбаа 10-р анги төгсөөд хотод орж ирсэн жилдээ байх, 1963 онд Улсын их баяр наадамд 3-ын даваанд Завхан аймгийн харьяат Улсын начин Намсан, 4-ийн даваанд Түвдэндорж аваргыг, 5-ын даваанд Чимид-Очир аваргыг давж Улсын начин болж байлаа. Намар голын Цэнгэлдэхэд нэг барилдаан болсон, зориуд ирсэн юм болов уу Түвдэндорж аварга ирээд за нөгөө шинэ начинтайгаа нэг барилдаадахъя гээд амласан. Жадамбааг аваад ёстой нэг залуугийнх шигээ ганцхан суйлж хаячихаад дэвээд явчихаж байсан юм.
Тэгэхээр Түвдэн аварга нутгийнхаа хүүг авч начин болгосон, цаашид сайн барилдахыг давхар сануулсан, эртний уламжлал ёс заншлаа хүндэтгэсэн ийм мөс жудагтай дархан аварга явсныг даяар олон мэдэх юм хойно доо.