Сэрээтэрийн Цэрэн (1937 - 1992) нь Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.
Үндэсний ардчилсан хувьсгалын тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн "Их ойн одтой бөх" гэлцдэг.
Түүнийг мөн монгол бөхийн 33 шинж бүрдсэн гэж ярилцдаг байв.
Цол чимэг: Улам нэмэх, бат хүчит, үнэн итгэлт, гарамгай хүчит, манлайн баясгалант, үнэн хүчит, өнөд баясгалант, олныг баясуулагч, үлэмж бадрах, далай дайчин, даян аварга
Барилдааны амжилт: Улсын наадамд 1961 онд түрүүлж, 1971 онд үзүүрлэн, 1960,1964-1968,1971-1974, 1976,1978 онд 11 удаа шөвгөрсөн байна. Мөн цагаан сарын барилдаанд 1971 онд түрүүлжээ.
Гол онцлог: Монгол бөхийн шинжийг биедээ хадгалсан, их ойн наадмын одтой бөх. Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн анхны гишүүдийн нэг. Малгай, зодог шуудаг, монгол дээл оёдог уран үйлч хүн.
Дархан мэх: тумбарайдах, зүүн хонгодох,
Амжилт
- 1960 онд 6 давж улсын начин цол хүртсэн
- 1961 онд 9 давж түрүүлэн шууд улсын аварга цолтой болов
- 1964 онд 7 давсан
- 1965 онд 6 давсан
- 1966 онд 6 давсан
- 1967 онд 7 давсан
- 1968 онд 5 давсан
- 1971 онд 8 давж үзүүрлэн даян аварга цол хүртэв
- 1972 онд 6 давсан
- 1973 онд 6 давсан
- 1974 онд 5 давж шөвгөрчээ