Сонирхолтой мэдээлэл
https://unsplash.com/@johntorcasio
Ижил цолтой ихэр бөхчүүд

Хүмүүний хорвоод ихэр төрнө гэдэг ховор заяа. Ихэр төрөөд үндэснийхээ бөхөөр барилдан ижил цол хүртэн амжилт гарган барилдана гэдэг бүр ч ховорхон бүр ч ховорхон тохиох хувь заяа биз ээ. Тэгвэл энд хөдөө орон нутагтаа эгэл даруухан ажиллаж амьдарч яваа сумын заан цолтой ихэр бөхчүүдийн тухай өгүүлье.

Сумын заан Дагвын Пүрэвжав, Дагвын Цэдэнжав нар нь 1957 оны гал тахиа жил төрсөн. Бага насаа хөдөө нутгийн хүүхэд багачуудын нэгэн адил дээл хувцсаа ханзлан байж бариилдан тоглож өсчээ.

18 нас хүрмэгц цэргийн албанд татагдан Зүүнбаянгийн ,,-о ангид Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирсэн олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цэргийн эрдэмд шамдан суралцахын зэрэгцээ барилдан ноцолдож унаж боссоор барилдах сонирхол ур дүйтэй болжээ.

Цэргээс халагдаж ирсэн жилээ 1978 онд ихэр хоёр залуу маань сумынхаа наадамд зодоглож чамлахааргүй амжилт гаргасан нь барилдах хүсэл сонирхлыг нь улам хөгжөөжээ.

Тэр л цагаас хөдөө орон нутагтаа амжилттай сайн барилдсаар сумын заан цол хүртэцгээжээ. Ихэр заануудын барилдааны амжилтаас дурдвал Д.Пүрэвжав заан сумынхаа наадамд 12 удаа түрүүлж үзүүрлэн олон удаа шөвгөрсөн байдаг. Мөн олон сумдын дунд зохиогдсон барилдаанд 2 удаа түрүүлсэн, аймгийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд 2 удаа шөвгөрсөн юм.

Харин Дорнод аймгийн төв Чойбалсан хотод болсон нэгэн барилдаанд Цэрэнтогтох аваргатай гар зөрүүлэн барилдсанаа ихэд бэлгэшээн бусдад сайрхан ярьж явдаг билээ. Арга ч үгүй биз дээ.

Тоот бөхийн тогоонд чанагдан торгон зодогны сэнжигнээс атган барилдаж явсан жирийн нэгэн сумын зааны хувьд Монгол үндэсний бөхийн домогт аваргатай барилдана гэдэг үнэхээр их хувь заяа, аз завшаан биз ээ.

Д.Цэдэнжав заан бол сумынхаа наадамд 4 удаа түрүүлж үзүүрлэн олон удаа шөвгөрсөн байдаг. Мөн ихэр заанууд маань нутгийн бөх у.н Г.Пүрэв-Очир, у.н М.Чимэддорж нарын ид барилдаж байх үед хүчээ үзэн барилдаж явсан билээ.

Мөн ихэр заануудын маань үр хүүхдүүд барилдахын зэрэгцээ хурдан морио уяж, нум сумаа харваж эрийн гурван наадмаараа тэгш сайхан наадаж нутаг ус, зон олноо баясгаж байдаг аа.

Д.Пүрэвжав зааны хүү сумын заан Мөнх-Эрдэнэ аймгийн цолтны эрэмбэтэй нутагтаа сайхан барилдаж яваа бол Пүрэвжав зааны бага хүү Мөнхбат аймгийн арслан цолтой жил жилийн улсын наадмын начны тааварт нэрлэгдэн уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясган ид сайхан барилаж байна.

Ихэр төрөөд спортоор хичээллэн ижилхэн амжилт гаргасан тохиолдол ховолр байдаг биз ээ. Алдарт Анатолий Сергей Белаглазовууд, у.н Ло Энхбаяр, Ло.Эрхбаяр, Франк болон Ролонд де Бур нар ч /хөлбөмбөгт/ бичигдэх байх.

Ихрүүдийн тухай миний сонссон сонирхолтой түүх бол 1989 онд дэлхийн аваргад явахаар бэлтгэл хийж байх үедээ Ло.Энхбаяр мөрөндөө бэртэл авч оронд нь Ло.Эрхбаяр яваад хүрэл медальтай ирж байсан. Тэгэхэд дэлхий монголын Энхбаяр хүрэл медаль авлаа гэсэн бол Монголчууд Эрхбаяр хүрэлтэй ирлээ гэлцэж байсан.

Харин манай нисэхийнхэн бага зэрэг будилж байсан гэлцдэг. Үүний жижигхэн хувилбар ихэр сумын заануудад маань тохиолдож л байсан. Зэргэлдээ сумд болон аймгийн төвд очиж барилдахад нь хөлийн цэц, засуулууд танихгүй будилж мань хоёр ч үүнийг нь боложийн хувилбараар ашиглаж л байсан даг аа.

Энэ бол зөвхөн ихрүүдэд л тохиолдох байж болох ховор боломж юм уу даа. Ихэр заануудын маань мэргэжил мөн л ижилхэн тракторын жолооч. Тракторчин бол соц нийгмийн үеийн хөдөө суманд бол хамгийн эрэлттэй чухал мэргэжил. Ямартаа л тухайн үеийн нэгэн зохиолд тааруухан машины тостой жолооч хайртай бүсгүйдээ “Би удахгүй шинэ трактор авна. Тэгээд хоёулаа сайхан амьдарна” гэж бичсэн байдаг.

Ихэр заанууд маань "сангийн аж ахуйн салга амбан, саальчин хүүхнүүдийн волга улаан”-ыг төгс эзэмшсэн сайн жолооч байсан төдийгүй Пүрэвжав заан сумынхаа хадлангийн механикжсан салааг удирдан олон жил үр бүтээлтэй ажиллаж явсан ажилсаг нэгэн билээ. Ер нь эднийхийг "Удмаараа ажилсаг хүм үүс дээ” гэж нутаг усныхан минь магтдаг юм.

Тэдний аав Даваагийн Дагва нь Дорнод аймгаас анх удаа буюу 1963 онд улсын аварга малчин болж байлаа. Үүнийг бичигч миний бие 1980-аад оны үед Оросын буриадын “Байгаль” сэтгүүлээс “Даваа дагва, Дамчаа Юндунов хоёр” гэсэн гарчигтай хоёр улсын аварга малчдын тухай буриад хэл дээр бичсэн найрууллыг ихэд шимтэн уншиж байсан юм.

Ихэр заанууд одоо ч гэсэн эцэг өвгөдөөс өвлөн авсан өв их эрдэнэ болсон мал маллах арга ухааныг үр ачдаа өвлүүлэн сургаж, тэдэндээ өмөг түшиг нөмөр нөөлөг болон мал аж ахуйгаа эрхлэн хөдөлмөрлөхийн зэрэгцээ үндэсний бөхийн дуусаж дундаршгүй өв их соёл, ёс журам, дэг жаягаас залуу бөхчүүдээ заан сургамжилж, сургасаар явна.

Ихэр заануудын өлгий нутаг Цагаан-Овоо сум бол Дорнод аймагтаа бөх сайтайд тооцогдоно, тус сумаас у.н Г.Пүрэв-Очир /у.н М.Чимэддорж энэ сумын хүргэн/ у.н Д.Цогзолдорж, а.а Д.Энхболд, а.а П.Мөнхбат, а.а Т.Түмэнжаргал, а.з Д.Энхбаатар, а.з Э.Ариунмөрөн, а.н Д.Цолмондорж, а.н Б.Мөнхбат, а.н Б.Батжаргал нарын олон хүчтэн энэ нутгаас төрөн гарсан билээ.

Одоо ид сайхан барилдаж уран хурц дайчин шуурхай барилдаанаараа бөх сонирхогч үзэгч олноо хөгжөөн баясгаж байгаа бөхчүүддээ цолоо ахиулах, улсын цолонд хүрэхийн ерөөлийг Бөх сониноороо дамжуулан уламжилъя.

Хүмүүний хорвоод ховорхон тохиох ихэр заяанд төрж өдий зэрэпгэй сайхан амьдарч нутгийн хоёр ахын амьдрал, амжилтын өчүүхэн хэсгээс Бөх сонинд мөнхжүүлэн үлдээх нь өчүүхэн надад их аз завшаан билээ.

Та бүхнийг монгол бөхийн зүлэгт ногоон дэвжээ, босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээн тэтгэх болтугай.


Эх сурвалж: "Бөх" сонин